Нийслэлийн прокурорын газраас Б.Булганы асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман “С. Зоригийн амь насыг хохироосон эрүүгийн хэргийг зохион байгуулсан, захиалсан үйлдлийг шалгах ажиллагааны явцад шинээр цугларсан нотлох баримтуудаар С. Зоригийн хамтран амьдарч Б.Булганд өчигдөр эрүүгийн хэрэг үүсгэж, прокуророос яллагдагчаар татаж байцаалт авсан. Одоо хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлэн явуулж байна” гэв.
-Өчигдөр Б. Булган өмгөөлөгчтэй хамт нууцын гэрээнд гарын үсэг зурсан гэдэг мэдээллийг хэвлэлийнхэн өгсөн?
-Төрийн болон албаны нууцын тухай хуулиар төрийн нууцын баталгааг нэг л удаа авдаг. Өмнө шалгагдсан хэрэгт Булганаас нууц баталгааг авсан байсан учраас дахин нууцын баталгаа гаргуулж авах шаардлагагүй. Иймээс өчигдөр Булганыг яллагдагчаар татаж, байцаалт авсан байгаа.
-Булганыг гадуур байцааж байгаа юм уу?
-Одоо мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа учраас энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Ам зургийг сүүлийн үед зурсан зураг гэж яригдаад байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Ам зурагтай холбоотой асуудал дээр тухай бүрт мэдээлэл хийгдээд явж байсан. Яллагчдын ам зургийг 1998 онд зураач Байдий гэдэг хүн Булганы хэлснээр зурсан талаар дурдагдаж байсан. Энэ асуудал Булган болон зураач Байдийн нарын гэрчээр өгсөн мэдүүлэгээр баталгаажсан байгаа. Одоо хэрэг шалгагдаж байгаа учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй байна.