Монгол Улс, ХБНГУ-ын Батлан хамгаалах яам хоорондын 13 дугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо болох гэж байна. Зөвлөлдөх уулзалтад оролцох ХБНГУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгчид өнөөдөр Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зочиллоо. ХБНГУ-ын Батлан хамгаалах яамны Аюулгүй байдлын бодлогын газрын орлогч дарга, хурандаа Аксель Ристау тэргүүтэй төлөөлөгчид ИБНАУ-д явагдаж байгаа НАТО-ийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд Германы Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэдэг Монгол Улсын Зэвсэгт хүчний ажиллагааны өмнөх бэлтгэл сургалт, хэрэглэж буй техник хэрэгслийн талаар мэдээлэл авсан юм. Төлөөлөгчид Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд ажилласаны дараа малчин айлд зочилж, монгол зан заншил, нүүдэлчин ахуйтай танилцав. БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Э.Гансүх, ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, хурандаа О.Ариунаа, БХЯ-ны СБТГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Самдангэлэг нар төлөөлөгчдийн хамт ажиллалаа.