Монгол Улсын эдийн засаг 2014 оноос хойш эрчимтэй унаж, өнөөдрийн энэ
хямралд хүрсэн бөгөөд хоёрхон хоногийн өмнө Засгийн газрын ээлжит хуралдаан
болоход 30 гаруй асуудлыг хэлэлцэж, хэд хэдэн шийдвэр гаргасны нэг нь иргэд
өөрсдөөр нь эдийн засгийг авруулах шийдвэр байв. Тодруулбал, жижиг, дунд
үйлдвэрлэлийг дэмжих шийдвэр бөгөөд бичил бизнес эрхлэгчдэд 200 тэрбум төгрөг
зээлэхээр болжээ.
Хөгжлийн банкнаас олгох 9 хувийн хүүтэй энэхүү зээлийг бичил,
дунд бизнес эрхлэгчдэд олгосноор ашиг олохын дээр энэ онд үйлдвэрлэлийн салбарт
10 орчим мянган ажлын байр шинээр бий болж, 4500 гаруй ажлын байр хадгалагдаж
үлдэнэ гэж Засгийн газар төлөвлөсөн байна.
Ямартай ч, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд төдийлөн хүрч
чаддаггүй бизнесийн зээл энэ удаад нэлээд хүртээмжтэй тараагдах нь тодорхой байна.
Учир нь, Засгийн газар аж ахуйн
нэгжийн 95 хувийг бүрдүүлдэг атлаа татварын дарамтад байдаг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгогдох энэ удаагийн зээлийг татварын
дэмжлэгтэйгээр төрөөс тэтгүүлдэг томчуудын бизнес рүү оруулахгүй байхад ихэд
анхаарч ажиллах юм байна.