Умард Солонгосын удирдагч Ким Чен Ын АНУ-ын шинжээчдэд цөмийн туршилтын полигоноо шалгах зөвшөөрөл өгчээ. “Bloomberg” агентлагийн мэдээлснээр, Ким Чен Ын саяхан АНУ-ын ТТГ-ын захирал Майкл Помпеотой уулзахдаа Умард Солонгосын цөмийн туршилтын полигонд шалгалт хийх АНУ-ын хүсэлтийг зөвшөөрсөн байна. Уулзалтын үеэр Умард Солонгосын удирдагч Ким Чен Ын “Хэрвээ Умард Солонгосын аюулгүй байдал баталгаатай болсон тохиолдолд тус улс “цөмийн туршилтын полигоны үйл ажиллагаагаа царцаахгүй байх шалтгаан байхгүй” гэж мэдэгджээ. Энэ дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Ким Чен Ын БНАСАУ цөмийн болон пуужингийн туршилтаасаа татгалзаж, Пунгери дэх цөмийн туршилтын полигоны үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа зарласан бөгөөд тус улс социалист эдийн засгийг хөгжүүлэх шинэ стратегийн дагуу дэлхий нийтийн цөмийн зэвсгээс татгалзах үйл явцад нэгдэж буйгаа мэдэгдсэн юм.