Монгол Улсын Шадар сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Ханбогд суманд байгуулагдаж буй \”Өсвөр үеийн эрүүл мэндийн төв”-ийн нээлтэд оролцлоо.
Монгол Улсын Засгийн газраас хүүхэд, залуучуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, тусгай хэрэгцээт иргэдийн эрүүл мэндийг онцгойлон анхаарах зорилт дэвшүүлсэн. Уг зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн онд тус аймгийн Цогтцэций суманд \”Өсвөр үеийн эрүүл мэндийн төв”-ийг анх байгуулж байгаа нь энэ юм. Энэ нэгдүгээр сарын 9-ний өдөр Ханбогд суманд хоёр дахь төвийг ийнхүү байгуулснаар өсвөр үеийнхний өвөрмөц хэрэгцээнд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг залуучуудад ойртуулж, ээлтэй үйлчилгээ авах нөхцлийг нь бүрдүүллээ.
\”Өсвөр үеийн эрүүл мэндийн төв”-ийн нээлт дээр Монгол Улсын Шадар сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар хэлэхдээ, \”Эх орны маань хязгаар нутгийн нэг болох Өмнөговь аймгийн Ханбогд суманд НҮБ-ын Хүн амын сангийн Залуучуудын төслөөс техник, санхүүгийн тусламж үзүүлснээр бид энэ төвийг байгуулаад байна. Төвийн үйл ажиллагааг хэвийн явуулах, өсвөр үеийнхнийг татан оролцуулах, үе тэнгийн сургагч багш нарыг бэлтгэх, тийнхүү бэлтгэсэн сургагч багш нараараа дамжуулан эрүүл мэнд сургалт сурталчилгаа, зөвлөгөөг өсвөр үеийнхэнд хүргэхийн төлөө чармайн ажиллах хэрэгтэй” гэдгийг онцолсон юм.
Манай улсын хүн амын 38 хувь нь хүүхэд залуус, тэдгээрийн тал хувь өсвөр насныхан. Өсвөр үеийн залуус нь харьцангуй эрүүл хэмээн тооцогддог ч, бие бялдар, сэтгэл санааны хувьд гардаг физиологийн онцлогт нь тохирсон эрүүл мэндийн өвөрмөц тусламж, үйлчилгээг шаарддаг билээ. ДЭМБ-аас өсвөр үеийнхний өвөрмөц хэрэгцээнд нийцсэн мэргэшсэн ажилтан бүхий эрүүл мэндийн байгууллагыг ажиллууллахыг гишүүн орнууддаа зөвлөдөг. Монгол улс сүүлийн 15 жилийн турш энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлж 20 аймаг, зургаан дүүрэгт өсвөр үеийн эрүүл мэндийн төвийг нээн ажиллуулаад байгаа юм.