Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцлээ. Улмаар шүүхээс мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, зарим зүйлийг нэмж тодруулах шаардлагатай гэж үзэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэв.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Маралмаа, Т.Цогт нарыг бүлэглэн, бусдыг байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн, бусадтай бүлэглэн, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Г.Маралмаа, Т.Цогт нарт тус бүр 24 жилийн хорих ял оногдуулсан юм.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Цогт, Г.Маралмаа нарт Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Т.Цогт, Г.Маралмаа нарын биечлэн эдлэх ялыг тус бүр 22 жилийн хугацаагаар тогтоож байсан юм.