Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар улсын болон хувийн цэцэрлэгүүдийг өнөөдрөөс эхлэн 23-ны хүртэл түр хугацаагаар хаах шийдвэр гаргажээ. Учир нь Ус цаг уур орчин шинжилгээний хүрээлэн болон Онцгой байдлын газраас ойрын өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч улам чангарах болсныг мэдээлсэн.
Тиймээс аймгийн цэцэрлэгүүд түр хугацаагаар хаалгаа барихаар болсон байна. Түүнчлэн аймгийн хэмжээнд томуу, улаанбурхан өвчин дэгдэн олон хүүхэд өвчилжээ. Энэ нь ч хаалгаа түр барих хэмжээнд хүргэсэн аж.
Томуу, улаанбурхан зэрэг өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийн 16-33 хувь нь тус аймгийн Бат-Өлзий, Баянгол, Баян-Өндөр, Богд, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Өлзийт, Сант, Тарагт, Төгрөг, Уянга, Хужирт сумын эмнэлэгт ханиад гэх зовиуртайгаар эмчлүүлж байгаа юм байна. Харин 64 хувь нь Арвайхээр суманд эмчлүүлж байгаа бөгөөд тэдний ихэнх нь бага насны хүүхдүүд гэдгийг албаны эх сурвалж мэдээлэв.