Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багийн дунд сургуулийн дотуур байранд энэ сарын 17 буюу өнгөрөгч ням гаригийн өглөө гал гарч, бүрэн шатсаны улмаас сумын сурагч хүүхдүүд амьдрах байргүй болжээ.
\”Сургуулийн дотуур байранд гал гарлаа” гэсэн дуудлага өнгөрөгч ням гарагийн өглөө 08:40 цагт аймгийн онцгой байдлын хэлтэст ирсэн байна. Хоёр давхар модон барилга хормын төдийд бүрэн шатсан ба галыг унтраахаар 250 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан гэдгийг ОБЕГ-аас мэдээлжээ. Хэдийгээр дотуур байр олон жил ашиглагдсан хуучин барилга байсан ч галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Орон нутгийн сургуулиудын амралт эхэлж байгаа үетэй таарсан нь зол болж байгаа ч хөдөөгийн багачууд амарч ирээд хаана амьдарч хичээл сургуулиа үргэлжлүүлэх нь тодорхойгүй байна.