Дахиад л Засгийн газраа огцруулах тухай
яригдаж эхэллээ. Энэ удаад УИХ-ын гишүүн Г.Уянгын санаачлагаар түүнээс гадна 19
гишүүний гарын үсэгтэй огцруулах тогтоолын төслийг өчигдөр 16.00 цагийн үед
УИХ-ын даргад өргөн барив.
Одоо хоёрын хооронд сонгууль болоход тавхан
сарын хугацаа үлдчихээд байхад Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьж, төр
самрах хэрэг байна уу гэж үзэх хүмүүс олон байна. Ийм асуудлыг ямар шуурхай
шийдвэрлээд явах биш. АН завсарлага авна, МАН завсарлага авна, МАХН нь
завсарлага авна, Байнгын хороо хэлэлцэнэ, энэ үеэр мөн л завсарлагууд авагдана,
УИХ-аар хэлэлцэнэ, ирц хүрэхгүй байж мэднэ, дахиад л завсарлагууд авагдаж
эхэлнэ… ингэж явсаар өнөөх таван сарын хугацаа нь дуучих вий дээ.
Уг нь Ч.Сайханбилэгийг огцруулахаас өөр олон
чухал ажлыг энэ хугацаанд амжуулж болмоор ч юм шиг харагдаж байгаа. Гэвч Засгаа
унагах уу, үгүй юу гэж хэлэлцсээр сонгуульт хугацааны дөрөв дэхь жил шувтрах нь
бололтой.
Ч.Сайханбилэг \”сайн Ерөнхий сайд” байж
чадаагүй. Үүнтэй маргах хүн байхгүй биз. Тэгвэл заавал цаг хугацаа тулган байж
тогтоолын төсөл өргөн барих шаардлага байсан уу.
УИХ-ын 20 гишүүн гарын үсэг зурснаар
огцруулах тогтоолын төслийг өргөн барих үндэслэлтэй. Гарын үсэг бүрдмэгц өргөн
барьж байгааг нь ч ойлгож байгаа. Хамгийн сүүлд хэн хэн гарын үсэг зурсан нь ч
тодорхой боллоо. Гэвч та бүгдийн энэ үйлдлийн цаана жирийн иргэд л хохирч,
элгээрээ бүтэн дөрвөн жил \”газар мөлхлөө”.
АН-ын алдаа болгон дээр дэгээ тавихаас \”өөр
ажилгүй” МАН-ынхан увж цувсаар Г.Уянга гишүүний тогтоолын төслийг бүтэн болгож.
Тэдэнд намын нэгдсэн бодлого, улс төрийн ёс зүй, зарчим гэж огт алга. Өнгөрөгч
дөрвөн жилд олигтой сөрөг хүчин ч байж чадсангүй. АН-ыг муухай харагдуулах,
ажлыг нь туших, улс орныг хямраахад л чухал үүрэг гүйцэтгэлээ.
Одоо үлдэж буй энэ хугацаанд улс орноо
босгох, эдийн засгаа сэргээх, ядаж л 2000 төгрөг давчихаад байгаа ам.долларын
ханшийг хазаарлах, дэлхийтэй хөл нийлүүлж, шатахууны үнээ буулгах, орон сууцны
зээлийн гацаанд ороод буй асуудлуудыг шийдвэрлэж, жин тан болгох, хөдлөх бүрт
хөл тушдаг бие биенээ үгүйсгэдэг хуулиудаа цэгцлэх, нэгэнтээ зохион байгуулах
нь ойлгомжтой АСЕМ-ын бүрхэг байгаа асуудлуудаа шийдвэрлэх гээд олон ажил
харагдах юм.
Гэтэл өнгөрсөн жил үүссэн асуудлыг өнөөдөр
бүтэн болгож, төр самрах ямар шаардлага байсан юм бол оо.
Засгийн газар сайн, муу ажилласан тухай энд
огт бичээгүй болно. Сайн мууг нь одоо шүүхэд хэтэрхий оройтсон. Дөрвөн жилийн
хугацааг Засгийн газрын сайн мууг хэлэлцэж, татаж, чангааж, унагаж босгож
өнгөрөөх юм бол Улсын их хурал, Төр гэж байгаад яах юм бэ.
Иргэн бидний сайн сайхны төлөө хэмээн ам
тангараг өргөж, бидний саналыг авч сонгогдсон атлаа, тэнд очоод шал өөр юм ярьж
хэрэгжүүлээд байх юм. Туйлдаж гүйцлээ шд энэ хэдэн иргэд чинь. Одоо улс төржилт
гэх утгагүй зүйлээ зогсоогоод урдах ажлаа хий л дээ. Сайн, мууг ирэх сонгуулиар
хүссэн хүсээгүй тогтоогоод шүүгээд өгнө шүү дээ.
А.Аюуш