\”Сургуульд
явах гоё байна… Өвөө, эмээ, ээжээ” хэмээн уйлж байгаа зургаан настай хүүгийн
бичлэг энэ жилийн есдүгээр сарын нэгний өдрийг чимлээ. Нулимсаа барьж ядан уйлж
буй бяцхан хүүгээс гадна, шинэхэн дүрэмт хувцсаараа гоёсон зургаан настнууд,
хүүхдээ харан тэднээсээ илүү хөөрч, баясч буй эцэг эхчүүд бүгд л энэ өдрийн
чимэг байв.
Мөн энэ өдөр хүүхэд бүрийн гарт
балгаа цэцэг харагдлаа. Багшдаа хүндэтгэл үзүүлэн цэцгийн баглаа барьж очих нь
сайхан л даа. Гэвч материаллаг талаасаа цэцэг шиг хэрэггүй зүйл байхгүй юм шиг
санагдав.
Монгол Улс 27205 багштай гэсэн
тоо бий. Эдгээр багш нарын ихэнх нь есдүгээр сарын нэгний өдөр цэцгийн баглаад
даруулдаг. Гэвч хоёр, гурван хоногоос багшид бэлэглэсэн цэцэгс хэнд ч хэрэггүй
хог хаягдал болон хувирах нь харамсалтай.
Багахан тоо бодъё. Нэг цэцгийн
баглааг дундажаар 20.000 төгрөг гэж бодъё. Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр
нэг багшид нэг цэцгийн баглаа өгнө гэж
тооцвол 550 гаруй сая төгрөг болж байна. Гэхдээ нэг багшид нэгээс ч олон цэцэг
очих нь бий. Мөн цэцэггүй үлдэх багш ч бий. Ингээд нэг багшид хэдэн цэцэг өгсөн
зэргийг нарийн тооцож гаргаж чадвал есдүгээр сарын нэгний өдөр эцэг эхчүүд
зөвхөн цэцгийн баглаанд зориулж хэчнээн төгрөгийн зарлага гаргасныг тодорхойлж
болно.
Гурав ч хонох цэцгийн баглаад
маш их хөрөнгө зарцуулагджээ гэх тооцоо гарахаар байгаа биз. Тэгвэл энэ
хөрөнгийг өөр зүйлд зарцуулж болох л байлаа. Сандал, ширээ, зөөврийн компьютэр
ер нь юу ч байж болно. Ядаж л анги бүрт таримал цэцэг авч өгсөн ч болохоор
байгаа юм. Ногоон орчин бүрдэнэ шүү дээ. Мөн жил бүр цэцэрлэг, сургуулиас
татдаг татаасыг энэ хөрөнгөөр шийдвэрлэж болохоор. Гэвч эцэг, эхчүүд хүүхдийнхээ багшид цэцэг
авч өнгө үү, өгөхгүй байна уу хэнд хамаа байх вэ дээ. Гол нь нэгэнт хөрөнгө
мөнгөө зарцуулж байгаа бол хэн хэндээ хэрэгтэй, ашигтай зүйлд зарцуулаад
сурчихвал гэж бодогдож сууна.
Ами