Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналт, эм био бэлдмэлийн улсын байцаагчид солонгос эзэнтэй, хөнгөвчлөх тусламж үйлчилгээний чиглэлээр улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах, Грийн Хоум нийгэмлэг ТББ-ын ”Грийн Хоум” эмнэлгийн үйл ажиллагаанд 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 26-ны хооронд шалгалт хийжээ.
Тухайн эмнэлэг нь эмчлэгдэшгүй хүнд өвчний эцсийн шатанд орсон өвчтэй хүмүүст хөнгөвчлөх тусламж үйлчилгээг үзүүлдэг бөгөөд Cолонгосын хүмүүнлэгийн байгууллагын санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Шалгалтаар
• Солонгосын тусламжийн эм тариа нь лабораторийн шинжилгээнд ороогүй, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, баталгаажилт хийгдээгүй, хэрэглэх заавар нь ойлгомжгүй, сав баглаа боодол нь стандартын бус эм хэрэгслийг хадгалж, өвчтөнд олгосон, өвчтөнд хэрэглэсэн байна.
• Мансууруулах эмийн нэр цуврал, хэрэглэсэн аргыг өвчтөний түүхэнд бичиж баталгаажуулаагүй.
• Эмнэлгийн ажлын байр нь орон сууц, гэр хорооллоос 100 метрээс дотогш байрласан, зориулалтын бус, механик агааржуулалтын системгүй, гэрэлтүүлэг хангалтгүй, ариутгал, угаалга, гал тогоо, эмийн сан, хүлээн авах хэсгүүдийн урсгал чиглэл, өрөөний тоо, талбай нь стандартын шаардлага хангахгүй, урсгал засварыг тухай бүр хийгээгүй, тусгаарлах болон тарианы өрөөгүй.
• Мэргэшсэн ариутгагчгүй, эрүүл ахуйч, халдвар судлагч их эмчгүй.
• Унд, ахуйн ус, эмчилгээний хоол, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэх материал, хэрэгслийн чанар, стандартын шаардлага хангасан байдалд мэргэжлийн байгууллагуудаар эрүүл зүйн хими, нян судлалын шинжилгээг хийлгэж, эрсдлийн үнэлгээ дүгнэлт өгч ажиллаагүй,
• Болзошгүй хордлого, халдварын үед авах арга хэмжээний бэлэн байдал хангалтгүй, өөрийн байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохирсон \”Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам” -гүй, байгууллагын үйл ажиллагааг бүрэн хамарсан дотоод хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллаагүй,
• Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх стандарт, удирдамжийг мөрдөж ажилласан байдал хангалтгүй байсан зэрэг зөрчлүүд илэрсэн нь холбогдох хууль тогтоомжийн заалтуудыг зөрчиж улмаар үйлчлүүлэгчдэд чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцлийг бүрэн хангаагүй ажиллаж байжээ.
Иймд илэрсэн зөрчлийг үндэслэн тус эмнэлгийн үйл ажиллагааг улсын байцаагчийн 02-03-66/280 дугаартай актаар түр зогсоож, холбогдох хуулийн дагуу 1920,0 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулан, 28 нэрийн 24656 ширхэг эмийг улсын байцаагчийн 02-03-63/277 актаар хурааж, зохих журмын дагуу устгалын комисст хүлээлгэн өгсөн ба эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг Эрүүл мэнд, Спортын яаманд хүргүүллээ.
Сүүлийн үед гадны орнуудаас манай улсад төрөл бүрийн хандив, тусламж нэрээр хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлэх хандлага нэмэгдсээр байна. Иргэд баталгаатай эсэхийг нь мэдэхгүй, гадных л бол чанартай гэсэн ойлголт, дээрээс нь үнэгүй гэсэн хандлагаар эм бэлдмэлийг хоол хүнсний зүйл шиг хэрэглэж байна.
Эм бол химийн хэд хэдэн нэгдлээс бүрдсэн байдаг. Нэг эм нь хүний биеийг анагааж байхад нөгөө нь гаж нөлөө үзүүлдэг. Суурь өвчин ихтэй хүмүүс олон төрлийн эмийг өгсөн хэмжээгээр нь аваад ууж хэрэглэж байна. Иймд янз бүрийн хандив, тусламж, хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлэх нэрийн дор тараагдаж байгаа улсын бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажилтгүй эмийг хэрэглэхгүй байхыг НМХГ-аас анхааруулж байна.