Түүний бичсэн зүйлийг бүрэн эхээр нь хүргэе.
Их Ринчин багшаас нэгэн шавь нь Монгол хэлний хамгийн муухай хараал юу вэ хэмээн асуухад багштан Монголоо алдмар гэхээс муухай хараал эх хэлэнд минь байхгүй гэсэн гэдэг.
Хяргас нуур хавиар нутагтай байсан хиргис аймгийн үр садын Киргиз улсын Тианшаны уулан дахь Кумторын алтны ордыг Сентерра Голд компани эзэмшиж 700 тонн алтыг нь үнэгүй шахам авчээ. Энэ компани Монголын Гацууртын ордыг ч эзэмшдэг. Ард иргэд нь эсэргүүцэж жагсаж тэмцэж эцэст нь ард түмэн нь засгийн газрынхаа эсрэг үймээн дэгдээхэд нь эхлээд босогчдын эсрэг генерал өөрийн биеэр очиход нь түүнийг ийм болтол зодсон нь ард иргэдийн бухимдалын дөнгөж эхлэл нь байлаа.
Улмаар ард түмэн зэвсэгт бослого гарган Засгийн газраа унагасан бөгөөд энэ ялалт хямд олдоогүй юм. Байгал Хөвсгөл нууртай ижил цэнгэг уст Иссык Куль нуурт 20 тонн цианит натри урсан орж, Кумторын хөндийн мөнх цаст гол горхи үгүй болон байгаль асар бохирдож хэдэн зуун хүний амиар ялалт иржээ. Америкийн цэргийн баазыг ч Киргизээс бүрмөсөн гаргаж чадсан юм.
Сентерра Голд компани Кумторын ордод авлигач төртэй хуйвалдан шударга бус юм хийгээд байсан нь ард иргэдийг босоход хүргэсэн гэдэг. Монгол орны улс төр, нийгэм эдийн засгийн байдал яг л энэ замаар яваад байна даа.
Их Ринчин багшаас нэгэн шавь нь Монгол хэлний хамгийн муухай хараал юу вэ хэмээн асуухад багштан Монголоо алдмар гэхээс муухай хараал эх хэлэнд минь байхгүй гэсэн гэдэг. Монголоо, мөн чанараа алдчихаар монгол цус, монгол зүс байгаад ямар тус байх билээ. Тэгвэл монгол цус, монгол зүснээс илүү монгол нь чухам юу байдаг юм бол?! Чинад нууцын тэр мөн чанар нь хаана юунд агуулагдаж байдаг болоо?!
Өөрийн бичиг үсэг, өөрийн бичиг үсгээр үлдсэн буурал түүхийн шарласан хуудсанд улс үндэстний маань эрдэм ухаан, ой санамж оршдог аж. Ухааныг нь мухарлая гэвээс бичиг үсгийг нь устга гэж Чехийн нэгэн бичгийн хүн аль арван тавдугаар зуунд хэлжээ. Тэрбээр мөн цааш нь бичиг солигдвоос ухаан нялхардаг хэмээжээ. Санаж сэрэх цаг болсон гэж бодохын учир илүү үг нуршив. Авах нэг нь авах бизээ.
Бид Америк соёл, хэл яриа, амьдралын хэв маягийг, Америкийн алт мөнгө доллар шүтсэн бодлогыг хэт их даган туйлшрах нь хэдэн мянган жилийн турш эзэнгүй хээр талаар дураар амьдрах жинхэнэ эрх чөлөөт ард түмэн болох Монголчууд бидэнд сайн сайхан зүйл авчрахгүй бөгөөд харин ч дэндүү аюултай. Ардчилагчдын муу хэлдэг социализм буюу эв хамтын нийгэмд байхдаа ч бид Оросыг ингэж тахин шүтээгүй юм. Өнөөгийн монголын асуудлын гол нь Сайханбилэг биш харин МАНАН – МАХНИЗН гэсэн бүлэглэлийг атгаж буй хэдхэн том толгой бүлэг дээрэмчид бөгөөд улс эх орны ядуурал дампуурлыг яаж өөрчлөх нь эдийн засгийн бус ЗӨВХӨН улс төрийн аргаар л шийдэх хэмжээнд хүрчээ. Улс төрийн шийдэл нь хэдхэн хүн парламент, засгийн газрыг бүхэлд нь хянаж байгаа ийм улс оронд \”чөлөөт\” нэртэй луйврын сонгууль бус ард түмний бослого хувьсгал байдгийг дэлхийн түүх баталж байна гэж мөхөс би бодох юм. Жагсаж тэмцэж үгээ хэлж дуугарч буй хүмүүс ч ардын хүүхдүүд, үүрэг даалгавраа биелүүлж буй цагдаа ч ардын хүүхдүүд. Эдэн дотор тэрбумтны хүүхэд, олигархийн нэг ч хүүхэд байхгүй. Цаг нь болохоор нийтийн эрх ашгийн төлөө ардын хүүхдүүд хамтардаг жамтай.