Түрээсийн үйл ажиллагаа явуулж буй Дүнжингарав худалдааны төв, Нарантуул олон улсын худалдааны төв, Барс худалдааны төвийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, стандарт, заавар журмын хэрэгжилтийг хангаж байгаа эсэхийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгаж байна.
\”Дүнжингарав худалдааны төв нь ямар нэгэн үндэслэл, тайлбаргүйгээр түрээсийн үнээ нэмсэн үйлдэл нь хуульд нийцэж байгаа эсэх дээр хяналт, шалгалт оруулж өгнө үү\” гэсэн гомдлыг түрээслэгчдээс ШӨХТГ-т ирүүлжээ. Үүний дагуу дээрх хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа аж. Шалгалтын хүрээнд Дүнжингарав худалдааны төвөөс үйл ажиллагааны зардал, тайлан болон холбогдох бичиг баримтуудыг хүлээн авч шалгаж байгаа бөгөөд шалгалтын дүн гарсан үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан олон нийтэд мэдээлэх болно гэж ШӨХТГ-аас мэдээллээ.