МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэхээс Дээд шүүх татгалзсан болон УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй холбоотой асуудлаар өчигдөр мэдээлэл хийсэн юм.
Мэдээллийн үеэр МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянуулахаар Улсын Дээд шүүхэд өгсөн. Гэтэл Улсын Дээд шүүх удаа дараа О.Баасанхүүгийн эрх ашгийн төлөөх шийдвэрийг гаргалаа. Цаашид энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий шүүгчид хандана.” гэв.
Харин зодооны асуудлаар МАХН-ын гишүүн Ц.Шаравжамц тайлбартаа “Улсын Дээд шүүх О.Баасанхүү өөрөө шүүхийн танхимд салаавч гаргасан. Бусдыг өдөөн хатгасан. Тэр нөхрийн талаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандана. Нөгөө талаар, О.Баасанхүү МАХН-ынханд зодууллаа гэдэг мэдээллийг сошиалд тараасан. Энэ бол ор үндэслэлгүй мэдээ” гэж мэдэгдлээ.
Түүнчлэн О.Баасанхүү гишүүнийг зодсон гэх Н.Уламбаяр “О.Баасанхүүг зодоогүй. Харин ч О.Баасанхүү өөрөө шүүхийн танхимд салаавч гаргасан. Шүүгч удаа дараа шаардлага тавихад биелүүлээгүй. Энэ бүх үйлдэл нь камерт бичигдсэн байгаа” гэсэн тайлбарыг өгч байлаа.