ШӨХТГ-аас иргэд, хэрэглэгч, аж ахуй нэгжээс ирүүлсэн гомдол, саналын мөрөөр хийсэн хяналт, шалгалтын ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Шалгалтын ажлын дүнг ШӨХТГ-ын дарга Б.Лхагва танилцууллаа. Тэрээр “Хаан банк” хууль бус үйлдэл гаргасантай холбогдуулан өрсөлдөөний хуулийн дагуу торгосон. Нийт 493 сая 387 мянга 520 төгрөгийн торгууль оногдуулжээ. Учир нь тус банк нь 2017 оны аравдугаар сарын 05-ны өдрийн 02\381 тоот тушаалаараа санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхлэгч даатгал, үнэт цаас, хадгаламж зээлийн хоршоо, ББСБ болон ломбардын харилцах дансны доод үлдэгдэл 20 мянган төгрөг байсныг нэг сая төгрөг, жилийн хүүг тэг төгрөг болгож данс эцэслэсний хураамж авдаггүй байсныг сар бүрд таван мянган төгрөг авах шийдвэр гаргасан байжээ. Энэ тухай мэдээлэл ААН-үүдээс ирсний дагуу шалгаж үзэн дээрх дээрх тушаалыг нь цуцлуулж зөрчлийг арилгуулсан байна.
“Сакура блемакс” компанид таван сая төгрөгийн торгууль оногдуулжээ
Мөн сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Сакура блемакс” ХХК-ийн импортлон худалдаалдаг хүнсний бүтээгдэхүүний ангилалд хамаарах дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг шалгажээ. Эдгээр бүтээгдэхүүнийг эсэд мэдээлэл дамжуулснаар эрүүл эсийг нөхөн төлжүүлж, өвчтэй эсийг эмчлэн зүрх судасны өвчин, чихрийн шижин, бөөр давсагны үрэвсэлт өвчин, бөөрний дутагдал, тархинд цус харвах, элэгний вирус устгах, бүх төрлийн хавдрын эсийг дарангуйлах болон саажилт зэрэг 2000 гаруй өвчнийг эдгээх эрүүл мэндийн бүтээгдэхүүн хэмээн сурталчилж байгаа нь тогтоогдсон. Иймд тус компанид таван сая төгрөгийн торгууль оногдуулжээ. Түүнчлэн тус компанийн эдгээр бүтээгдэхүүнийг сурталчилсан хэвлэл мэдээллийн байгууллагад анхааруулга хүргүүлжээ.
Бензин дутуу шахсан асуудал илрээгүй
Шатахуун түгээх станцууд бензин дутуу шахаж автомашин хэрэглэгчдэд түгээж байна гэсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийсэн байна. Хяналт шалгалтын явцад бензин дутуу шахсан асуудал илрээгүй . Шатахуун түгээх станцууд лац ломботойгоор үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан гэх дүгнэлт гарсан байна. Харин “Мон суль” ХХК –ийн долдугаар станцад албан ёсны баталгаажилт болох лац нь хөдөлсөн байсан. Энэ нь автомашин хэрэглэгчдэд дутуу бензин шахсан байхыг үгүйсгэхгүй гэх үндэслэлээр таван сая төгрөгийн торгууль оногдуулж, станцын албан ёсны лацаар лацдуулсан байна.