2014 онд хуралдсан аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар 2015 оны газар зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, хогийн цэг байсан талбайг өөрийн хүч хөдөлмөрөөрөө цэвэрлэсэн хувь хүн, компани, аж ахуйн нэгжид үнэ төлбөргүй эзэмшүүлнэ гэж шийдвэрлэжээ. Энэ шийдвэр биелэлээ олж Жаргалант сумын иргэн Б.Батболд хогийн цэг байсан талбайгаас нийтдээ 5,8 га талбайг цэвэрлэж үүнийхээ 2 га-д нь шахмал түлшний үйлдвэр байгуулжээ.
Өнөөдөр нээлтээ хийж тууз хайчилсан \”Номин шилтгээн” констракшн компаний захирал Б.Батболд үйлдвэрлэсэн шахмал түлш нь утаа тортог бага ялгаруулж орчныг бохирдуулдаггүй, илч дулаан сайтай, цаг зав хэмнэсэн гээд олон талын ач холбогдолтойг онцлоод үйлдвэр байгуулагдсанаар 12 хүн ажлын байртай болж байгааг дурьдсан юм.
Тус үйлдвэр өдөртөө 8 цаг тасралтгүй ажиллахад 15-20 тн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай, бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадвал баруун 5 аймгийн түлшний хэрэгцээг 100 хувь хангах боломжтой гэнэ. Одоогийн байдлаар үйлдвэрлэл эхэлсэнээс хойш 10 гаруй тн шахмал түлш үйлдвэрлэж Жаргалант сумынхаа иргэдийн хэрэгцээнд нийлүүлж байна.