ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн ингэнд ботго авахуулах зан үйлийн батламж хүлээн авах ёслол БСШУЯ-нд өнөөдөр болно. Намибийн Виндхук хотноо ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит хурал болсон билээ. Тус хурлаар ингэнд ботго авахуулах уламжлалт ёсыг ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах соёлын биет бус өвөөр бүртгэсэн юм. Дээрх ангилалд нийт найман өвийг нэр дэвшүүлснээс тавыг нь бүртгэсэн аж. Ийнхүү Монголын13 дахь соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгэлээ. Ингэ хоёр жилд нэг удаа төллөдөг бөгөөд эх нь ботгоо голох тохиолдол гардаг. Үүнийг монголчууд шийдэх өвөрмөц гарц олж чадсан нь ботго авахуулах зан үйл юм. Хөгжим, дуугаар дамжуулж, мал адгуустай харилцдаг зан үйл өөр улс оронд төдийлөн байхгүйгээс энэ зан үйлийг Яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэх шаардлагатай байсан юм.