Дэлхийн хамгийн хөгжингүй орнуудын нэг Швейцарь Улсын хөгжил цэцэглэлт дээд цэгтээ хүрсний нэгэн баталгаа болсон зүйлийг тус улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлэхээр ард түмнээсээ санал асуулга авахаар болжээ. Энэ нь иргэн бүртээ сар бүр 2250 еврогийн буцалтгүй тусламж үзүүлэх явдал юм. Энэ нь манайхаар 5 сая төгрөгтэй тэнцэх агаад Швейцарьт энэ хэмжээний мөнгийг тоохоо болтлоо ард иргэд нь хангалуун амьдарч байна. Гэсэн ч урьдчилсан санал асуулгаар ард иргэдийн дийлэнх нь зүгээр орж ирж буй уг мөнгийг түлхэх сонирхолгүй байгаа нь ажиглагджээ. Тэгэхээр бүх нийтийн санал асуугаар Засгийн газрынхаа санаачлагыг дэмжиж, сар бүр 2250 евро авахаар болох бололтой.
Зөв бодлогоор хөгжиж, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж гээд бүхий л тогтолцоогоороо үлгэр жишээ болсон Швейцарь Улс ард иргэдээ жаргаахын тулд дээрх санаачлагыг гаргасан бөгөөд иргэдийнхээ орлого зарлагын зөрүүг арилгах зорилгоор энэхүү тэтгэмжийг олгохоор болсон байна. Мөн ажил хийсэн, хийгээгүй иргэн бүртээ сар бүр энэхүү мөнгөн тэтгэмжийг олгох аж. Түүнчлэн энэхүү тэтгэмжтэй холбоотойгоор урьдчилан явуулсан санал асуулгаар Швейцарийн иргэдийн дийлэнх нь сар бүр 2250 еврогийн тэтгэмж өгөх хууль батлагдсан ч ажлаа үргэлжлүүлэн хийсээр байх болно гэж хариулсан байна. Харин санал асуулгад оролцогчдын найман хувь нь нөхцөл байдлаас хамаарч ажлаа орхих эсэхээ шийднэ гэсэн бол ердөө хоёр хувь нь тэтгэмж олгож эхэлвэл ажлаасаа гарна гэж хариулсан байна. Швейцарь Улс 8 сая 500 мянган хүн амтай бөгөөд шинэ тэтгэмжийг олгохын тулд жилд 208 тэрбум швейцарь франк зарцуулахын 150 тэрбумыг нь татвараас, үлдсэнийг нь нийгмийн даатгалын сангаас бүрдүүлнэ хэмээн хууль тогтоогчид төлөвлөжээ. Нөгөө талаас ингэж мөнгөн тэтгэмж олгож эхэлснээр Швейцарь Улс амьжиргааны доод түвшний орлогоороо дэлхийд тэргүүлж, тус улсын хамгийн бага орлоготой иргэн дэлхийн олон орны иргэдээс дээгүүр амьдарч эхлэх юм.
Нинж