НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, 2016 оны НИТХ-ын сонгуулийн тойрог, мандатыг тогтоох тогтоолыг баталлаа.
Тогтоолд Нийслэлийг нийт 45 тойрог, 45 мандаттай байхаар тусгажээ. Тухайлбал, Сонгинохайран, Баянзүрх тус бүр 9 тойрог, 9 мандат, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй тус бүр 6 мандат, 6 тойрогтой байх аж. Түүнчлэн Багануур, Багахангай, Налайх дүүргийг тус бүр 1 тойрог, 1 мандаттай байхаар тусгасан байна.
Өмнө нь Багахангай дүүргийн Налайх эсхүл Багануур дүүрэгтэй нэгтгэдэг байсан бол энэ онд бие даасан нэг тойрог байхаар тусгажээ. Учир нь шинээр баталсан Сонгуулийн тухай хуульд \”Сонгуулийн тойрог тогтоохдоо тухайн Засаг захиргаа, нэгж, хүн амын тоог харгалзан үзнэ” гэж заажээ. Багахангай дүүрэг нь Нийслэлийн нэг нэгж болж байгаа тул тусдаа тойрог болгохоор шийдсэн хэмээн НИТХ-ын дарга Д.Баттулга танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгч Ц.Алтанцэцэг Багахангай дүүргийг Налайх дүүрэгтэй нэгтгэж, үлдсэн нэг мандатыг нь Баянгол дүүрэгт нэмэх санал гаргасныг олонх дэмжсэнгүй. Мөн НИТХ дахь \”Шударга ёс” эвслийн бүлгээс Налайх, Багахангай дүүргийг нэгтгэж, 2 мандаттай болгох санал гарсан ч олонхийн дэмжлэг авсангүй.
НИТХ-ын дарга Д.Баттулга, \”Багахангай дүүрэг нь өнгөрсөн хугацаанд бие даасан тойрог болж байгаагүй учраас өөрийн төлөөллөө НИТХ-д суулгаж чадааггүй. Үүнтэй холбогдуулан тус дүүрэгт хувиарлагдах төсөв, бүтээн байгуулалт ч бага байсан. Өнгөрсөн онд зохион байгуулсан \”Цахим газар өмчлөл”-өөр тус дүүрэгт 10 мянга гаруй иргэн газар өмчилсөн нь хүн амын тоо өсөх, аж үйлдвэрийн бүс болох магадлал өндөр юм” хэмээв.
Ийнхүү тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Тэргүүлэгчдийн олонх дэмжлээ.
Нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс