Сонгогчид ба улстөрийн хариуцлага
Эрхэм хүндэт монголчууд аа,
Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн Монгол улсын Үндсэн хуулийнхаа заалтыг та бид 4 жилд ганцхан удаа, тэгэхдээ санал хураалтын өдөр, саналын хуудас бөглөхдөө эдэлдэг. Ингэхдээ зөвхөн саналаа өгдөггүй, харин улирч өнгөрч буй дөрвөн жилд ажилласан төр засаг, сонгогдсон төрийн төлөөлөгчидтэйгөө ёс суртахууны, улс төрийн хариуцлага тооцох боломжтой болдог. Хэрэв энэ хугацаанд монголын ард түмэн бид амар амгалан, сэтгэл тэнүүн, аз жаргалтай, ирээдүйдээ итгэл төгс аж төрж чадсан бол өөр сонголт хийхгүй. Та бүхнийг сонголтоо хийхэд санаа авахад хэрэг болохуйц зарим зүйлийг илэрхийлье.
ШУДАРГА ЁС та биднээс улам бүр алсран холдож, ард түмний сайн сайхны төлөө бус харин шунал, эрх мэдлийн төлөө улайрал нь ханаж цадахаа больсон олигархиуд, зальхай улс төрчдийн болон харийнхны эрх ашгийг хамгаалсан хуулиуд батлагдан үйлчилж, хуульчид ч тэдний дохио зангаа болон хохирсон, шударга иргэдээрээ тохуу хийх болжээ.
ЖУДАГ ЁС-ыг эрх баригчид уландаа гишгэж, худал хуурмаг амлалт ба ажил үйлсийн хоорондын зөрүү улам бүр ихэсэж, тэд хуулийг бус хувийн эрх ашгийг эрхэмлэн дээдлэх болсон байна.
ИТГЭЛ НАЙДВАР та бидний үгсийн сангаас хасагдахдаа тулж, монголчууд бид бие биедээ улам бүр итгэдэггүй, бишүүрхдэг, ирээдүйдээ ч итгэлгүй болгочихлоо.
ХҮНИЙ ЭРХ цаасан дээр үлдэж, нийслэл, төв суурин газруудад хорт утаа, угиарт өдөржин шөнөжин хордож, урт удаан наслан, эрүүл саруул аж төрөх явдал нэн бэрх болгочихлоо.
ӨР ШИР дааж давшгүй болж, хойч үедээ өр ширийн гүн ангал бүхий булшны нүх бэлдэж өгч байна.
БАЙГАЛЬ ОРЧИН-д эрдэс, өгөөж баялгыг нь авч ашиглахаар донтон харьцаж, газрын хэвлийг сийчин сэглэж байгаагаас дэлхийд ганцхан үлдсэн нүүдлийн соёл иргэншлээ сүйрлийн ирмэгт хүргэчихлээ.
ӨВӨГ ДЭЭДЭС, АХМАД ҮЕ-ийнхээ сургамж, алдаа оноо, туршлагыг тоохоо больж, тэдэнд нүд үзүүрлэх байдлаар хандаж, барууныг бодлогогүй хуулбарлах болсноор улс орны залгамж уялдаа холбоо тасарч, монгол хүн танигдахын аргагүй хувирчлаа.
ЗАСАГ ТӨР-өө шууд сонгох эрхээ ард түмэн 20-иод жилийн туршид алдаж, олгархиудын шахааны хүмүүст саналаа өгсөн болж, жинхэнэ ард түмний дундаас төр барьж чадах туршлага, найдвартай хүмүүсийг сонгох боломжгүй болгож, 2016 онд энэ байдал дахин давтагдах эрх зүйн орчныг сая лавшруулан баталчихлаа.
ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЭЛ монголчуудын сэргэн мандлын асард их хүч байтал талцал, хуваагдал, ёс суртахууны ялзрал, назгайрал, хүлцэнгүй байдлыг улам лавшруулан, улс орон, ард түмнийг сүйрлийн эрмэгт авчирчихлаа.
Эрхэм хүндэт нөхөд өө, Бодит нөхцөл байдал ийм байхад монголын сонгуулийн эрх бүхий ард түмэн сонгогдсон төлөөлөгчдөдөө ёс суртахуун- улс төрийн чухам ямар үнэлэлт дүгнэлт өгөх нь нэн ойлгомжтой болжээа. Монголын ард түмэн засаг төрд суулгасан төлөөлөгчидтэйгээ ёс суртахуун-улс төрийн хариуцлага тооцож чадахгүй бол Та бид улам бүр зовж зүдэрсээр байх болно шүү. Ухаарцгаая, тунгаацгаая, бодоцгооё, хариуцлагатай байцгаая, тэнгэр заяат Монголчууд аа.
Академич С.Нарангэрэл