Хөдөлмөрийн Үндэсний намыг хүнээр тооцвол улс төрийн карьер нь шинэхэн,
буурь суугаагүй, залуу гэж тодорхойлж болно. Залуу хүнд дутуу дулимаг зүйлс их л дээ.
Гэхдээ хөгшчүүдийг бодвол муу зүйл бага үзсэн, эрс шийдмэг, зоригтой, ирээдүйн
төсөөлөл өргөн гэх мэт давуу талуудаар ялгардаг баймаар. Гэтэл ХҮН хууччуудаасаа ялгарах зүйл огт ажиглагдсангүй. Шинэ нам мөртлөө дотроо нэр төр
албан тушаалын төлөө тэмцэлдээд эхэллээ. Мөн нэг хүнийг тахин шүтэгч үзэл баримтлал ч нэвт үнэртэх боллоо. Энэ байдлаараа ирэх сонгуульд оролцож
чадахгүйгээр бие биенээ хэмлээд дуусах нь уу ч гэж харагдах шиг.
Ер нь ХҮН-ыг ирэх сонгуульд оролцуулахгүй байх хүсэл \”ах нар”-т бий.
Тиймээс ч нам дотор нь аль болох л хагаралдуулахыг оролдоно. Харин ийм зүйл
байдаг, цаашид байсаар байх, ХҮН-д ч орж ирж болзошгүйг намыг үүсгэн
байгуулахдаа, гишүүдээ элсүүлэхдээ, удирдах бүрэлдэхүүнээ томилохдоо яагаад
ухаарсангүй вэ. \”Улс төр бол угаас бохир ертөнц” гэдэг үгийг зүгээр ч нэг
хэлчихээгүй л байлтай. Гэтэл олон жил улс төрд хутгалдсан С.Ганбаатар \”үүнийг л
мэдэхгүй” мэлзэж, дүүлэгнэж яваа нь харамсалтай.
Тэрээр нам дотроо болж буй үйл явцыг тэс хөндлөгөөс харж, гадны хүний
нүдээр тайлбарласан нь галыг улам л өдөөж өглөө гэж санагдав. Тодруулбал, даваа
гарын өглөө ХҮН-ын дарга С.Ганбаатар төрийн ордонд хэвлэлийнхэнд мэдээлэл
хийсэн юм. Энэ үеэр тэрээр \”Шинэ нам руу бодлогоор янз
бүрийн хүмүүсийг оруулаад, янз бүрийн мэдэгдэл хийж гаргадаг практик манай улс
төрд байдаг. Ийм оролдлого байхыг үгүйсгэхгүй. Ямар нэгэн гомдогч орж
ирээд янз бүрийн юм яриад явна гэдэг өөр бүлэглэлүүдээс орж ирсэн бууны нохой
гэж хардахыг хүсэхгүй байна. Тиймээс бид дотроо ярилцаад, асуудлаа шийдээд
явна. Намын дүрмээс
гадуур олон юм ярьж байгаа улсууд С.Ганбаатарыг Ерөнхийлөгч
болгохгүйн төлөө, энэ намыг хүчтэй байлгахгүйн төлөө бодож санааширч байгаа
бүлэглэлүүдийн захиалга гэж үзэхэд бэлэн байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Монгол Ардын хувьсгалт нам бол \”нэг хүний өмч”. Н.Энхбаяр л гомдсон,
өширхсөн сэтгэлээр бусдаар өш хонзонгоо авах зорилгоор энэ намыг байгуулсан.
Улмаар өөрт үнэнчээр зүтгэх хүмүүсээр намын хүрээллийг тэлсээр байгаа. Харин
сэтгэл хоёрдвол яаж ч чаддагийн жишээ ойрын өдрүүдэд нүдний өмнүүр жирэлзээд
өнгөрсөн учраас дахин давтаж нуршаад яахав.
Тэгвэл С.Ганбаатарыг намайг \”Ерөнхийлөгч болгохгүйн төлөө…” гэх тайлбараас
Хөдөлмөрийн үндэсний нам ч мөн адил \”нэг хүний өмч” юм байна гэх ойлголтыг
авлаа.
Байгуулагдаад удаагүй ч хүрээгээ улс
төр, бизнесийн акулуудаар тэлсээр байгаа ирээдүйтэй гэх энэ намын цаад зорилго
нь ер дөө л \”С.Ганбаатарыг Ерөнхийлөгч болгох”-д оршиж байсан гэхээр
харамсалтай. Харин энэхүү эрхэм зорилгыг умартсан гишүүдийг намаас эвтэйхэн \”хөөчихдөг”
хууччуудын уламжлалт арга барилаас болоод л ХҮН дотор хавиралдаад эхэлчихжээ.
Сүүлдээ ХҮН ба С.Ганбаатар гэсэн хуваагдал бий болж, эрх мэдэл болон итгэл
үнэмшлээрээ тэмцэлдэж эхэлсэн бололтой юм.
Өчигдөр С.Ганбаатарыг мэдээлэл хийсний дараа тус намын Нийслэл болон орон
нутгийн төлөөлөл байр сууриа илэрхийлэв. Тэд \”оюунлаг, судалгаанд үндэслэсэн
уураг тархитай улс төрийн шинэ нам бий болгох гэж бид нэгдсэн. Гэтэл ХҮН дотор
ёс зүйгүй, зарчимгүй нөхөд бий болж байна. Дээд шүүхээр батлуулсан намын
дүрмийг зөрчсөн үйл явдлууд бий болж байгаа учраас намын гишүүд харамч,
бухимдаж байна. Бид улс орондоо гавьяа байгуулахын тулд нэгдэж, нам байгуулсан.
Гэтэл эргээд харахад гавьяа байгуулах биш гай болж байх шиг байна. С.Ганбаатар
эрх мэдлээ удаа дараа хэтрүүлж, намын дүрэм, журмыг ноцтой зөрчлөө. Тиймээс
намын Хариуцлагын Ерөнхий хороонд С.Ганбаатарыг намын даргын албан тушаалаас
чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг өргөн барьсан” гэв.
С.Ганбаатарын намын гишүүдийнхээ дургүйцлийг хүргэсэн шалтгаан тун энгийн.
Тэрээр ХҮН-д элссэн даруйдаа намын даргын албан тушаалд томилогдсон. Ингээд
намын даргын хамгийн эхний ажил буюу 01 дугаартай тушаал нь \”халаа сэлгээ”
байлаа. Номер 02 дугаартай тушаал нь ч \”халаа сэлгээ” байв. Энэ нь ХҮН-ын
дүрмийг зөрчсөн үйлдэл гэдгийг намын гишүүд тайлбарлалаа.
Яахав улс төрд бол иймэрхүү үзэгдэл байнга л гарч байдаг. Шинэ дарга ирлээ.
Түүнийг дагаж бүтцийн өөрчлөлт, халаа сэлгээ үргэлжилнэ. С.Ганбаатар ч үүнийг л
хийж. Гэхдээ шинэ намын шинэ дарга нөхөдтэйгөө ч танилцаж амжилгүй халаа сэлгээ
хийчихсэн нь өнөөдөр ХҮН-ыг орших уу, эс орших уу дээр нь тулгачихаад байна.Цаашид хэрхэн үргэлжлэх бол …
А.Аюуш