Уран бүтээлийн өнгө аяс, стиль имижээрээ аргагүй л үе тэнгийнхэнээсээ ялгарч яваа залуу дуучин Н.Ундрал \”Урт наслаарай ээжээ” нэртэй шинэхэн дуугаа сонсогч фэнүүддээ хүргэлээ. Эхийнхээ элбэрэл хайр, ач буяныг санан дурсаж уудам хорвоод урт наслуулж, удаан жаргаахыг хүссэн дуучин залуу эл бүтээлээрээ олны талархлыг хэдийнэ хүлээгээд эхэлж.
МУГЖ Ц.Түвшинтөгсийн дуулснаар сонсогч түмний сэтгэлд хоногшсон \”Сүүдэр цармын цэцэг” дууг 20 гаруй жилийн дараа шинэ хөгжмийн найруулга, өвөрмөц өнгө төрхөөр амилуулж байсан авьяаслаг залуу маань өдгөө нийтийн дууны ертөнцөд нэгэн өнгө болон гялалзаж, олонд хүндлэгдсэн чадварлаг уран бүтээлчидтэй мөр зэрэгцэж яваа.
Хөгжим бүжгийн коллежийг Ардын жүжигчин Б.Жаргалсайханы удирдлаган дор 2008 онд төгссөн залуу дуучин Н.Ундрал ХЦДБЧ-д хоёр жил ажилласан бөгөөд чөлөөт уран бүтээлч болоод чамгүй удаж буй. Нутаг ус, эх орны тухай сэдэвтэй олон сайхан дуугаараа сонсогч түмнийхээ дунд хэдийнэ өөрийн байр суурийг эзэлсэн тэрбээр энэ удаа эгэлгүй ачлалтай ээжүүдээ баярлуулахаар ийн зэхжээ. Мэргэжлийн уран бүтээлчдээс өндөр үнэлгээ авдаг дуучин Н.Ундрал нийтийн дууны ертөнцөд шинэ өнгө төрх бүрдүүлж, чамгүй ирээдүйтэй нэгэн гэдгээ хит бүтээлүүдээрээ харуулсаар явна.