“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд болох “Монгол хүүхдүүд” баярын зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Баярын арга хэмжээ Сүхбаатарын талбайд 09.00-17.00 цагийн хооронд үргэлжлэх юм. Энэ үеэр Нийслэлийн Цагдаагийн газрын 700 алба хаагч аюулгүй байдлыг хангаж ажиллах аж.
Алба хаагчид Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн зэрэг газруудад хэв журмыг сахиулах юм байна. Түүнчлэн НМХГ-ын 150 албан хаагч Сүхбаатарын талбайд хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллана. Баярын арга хэмжээний үеэр бага насны хүүхэд эцэг эхээсээ төөрөх тохиолдол цөөнгүй бүртгэгддэг. Иймд төөрсөн хүүхдийг түр хамгаалах асрыг байрлуулах, хүүхдүүдэд эцэг, эхийн нэр, утасны дугаарыг бичих бугуйвчийг тараахаар төлөвлөжээ.