… Сайн байна уу? ээжээ.
Намрын шар өдрүүд навчсын ёолох дуутай өнгөрч байна. Нарны илч харьсан энэ шар өдрүүд сэтгэл сэмлээд , холоо явсан таныг санаад ганцаардаж байна. Эх газрын зөөлөн хөрс нар хуранд угаагдаж , эргэх дөрвөн цаг бие биеэ дэрлэн зүүрмэглэж , хорвоо дэлхий бахь байдгаараа эргэж байгаа ч хөөрхий дөө тэнэг , гэнэхэн охины тань сэтгэлд өвлийн жавар ургачихаад салахгүй байна. Дэлхий ямар даахгүй гэсэн биш дээ. Дэргэд минь сууж жаахан ч амрахгүй яасан юм. Өөдгүй энэ орчлон дээр мянга мянган хүмүүс өр авлага нэхээд амьдраад л байхад өөдөсхөн жаахан охиндоо ачийг тань хариулж баярлуулах өдөр хоног жаахан ч болов үлдээхгүй яасан юм.
Цээжинд бөөн гуниг , бөөн гомдол үерлээд байгаа ч цорын ганц удаа бичих энэ захидлыг дуусгамааргүй байна.
Аминаасаа амь тасалж ургуулсан , цээжнээсээ сүү нэрж амилуулсан цэцгийн таван илтэс шиг үрс тань сайн байгаа. Ээжийгээ санадаг цор ганц зовлонтой , эх хүний энхрийлэл хайраас өөр дутагдах зүйлгүй амгалан байгаа. Санаа зовох хэрэггүй дээ миний жаахан ээж.
Таны оршин байгаа миний мэдэхгүй орон зай торго мэт зөөлөн эхийн хэвлий шиг дулаахан. Тэндхийн хүмүүс хэрүүл тэмцэл , хов живгүй амар амгалан. Тэр газар хааны харш шиг эрхэмсэг тансаг , хэзээ ч дутагдах гачигдахын зовлонгүй элбэг дэлбэг байгаа гэдэгт итгэж байна. Өнө мөнхийн амар амгалан тэр нутагт үрсээ ч санах зовлонгүй тайван суугаарай , миний жаахан ээж.
Хорвоогийн юм бүхэн мартагдаж , хуучирч , элэгддэг ч гэсэн хөөрхий хүний үр ижийгээ л хэзээ ч мартаж чаддаггүй юм байна. Хэзээ нэгэн цагт та Бурхантай уулзах юм бол хэрэг болгож ганцхан зүйдийг гуйгаарай. \”Үрсийг ижийгээс нь салгах даа өрөвдөж хайрлаач\” гэж хэлж байна гэдгийг минь дамжуулаад өгөөрэй. Бөөр алаг дэлхийд амьтай бүхэн ээжтэй. Бүхий л хүний өмнөөс гуйж байна гэдгийг дамжуулаарай. \”Өнгө мөнгөний хорвоод өчнөөн тэрбум хүн чихэлдэн амьдардаг ч өөрийн минь ээжээс өөр энэрэлтэй хүн алга. Хал , хайр дүүрэн орчлон дэндүү хуурамч , хайртай ээжий шиг минь үнэн ч хүн байхгүй байна\” гэж хагацлын сүүдэрт дайруулсан сая сая хүн уйлж байна гэж өрөвдөхийг мэддэггүй тэр Бурханд хэлээд өгөөч , ээж ээ. Өөрөөс минь өөр хүний үр ээжээсээ битгий хагацаасай гэсэндээ , өнчин дэрсний бутанд хүртэл нуугдан амьдардаг эрхийн чинээ туулайн бүжин ч гэсэн ижийтэйгээ хамт байг гэсэндээ энэхүү захидлыг илгээж байна …
Б.Цоожчулуунцэцэг – н бүтээлийн хэсгээс …