Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг энэ оны 6 дугаар сард нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг 1 дүгээр сараас эхлүүлэн олон ажлыг зохион байгуулж байна. Дээрх ажлын хүрээнд тус стандартыг хэрэгжүүлэн ажиллаж буй \”Дарханы Дулааны Цахилгаан станц” ТӨХК-д Аймгийн ЗДТГ-ын \”Чанарын баг” энэ сарын 15-ны өдөр туршлага судаллаа.
Тус стандартыг ЗДТГ-т хэргэжүүлснээр ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх замаар иргэдэд Олон улсын жишигт хүрсэн төрийн үйлчилгээг хүргэх зорилгыг тавьж байгаа юм. \”ДДЦС” ТӨХК нь 2007 оноос эхлэн Ажлын байрны соёл-5С, Кайзен санал, Чанарын дугуйлан зэрэг бүтээмж дээшлүүлэх арга хэрэгслүүд дээр суурилсан \”Өөрчлөлтийн менежмент” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн хэвшүүлэн ажиллаж, 2013 оны 3-р сараас чанарын менежментийг хэрэгжүүлж олон улсын ISO 9001 стандартын дагуу Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлж 2015 онд гэрчилгээг гардан авсан. Ингэснээр байгууллагын үйл ажиллагаа сайжирч хэрэглэгчийн сэтгэл ханаж дээшилжээ. Тус байгууллага 460 ажилчинтай. Эдгээр ажилчдын ажлын байранд сар бүр аудит хийн дүгнэлт өгч урамшуулал олгодог байна. Мөн ISO 9001 чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснээр ажилчдаас сэтгэл ханамжийн судалгаа, санал зэргийг авч ажилчдын зөвлөгөөн хийх, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах ажлуудыг хийж байна.
Түүнчлэн Олон улсын томоохон төсөлд хамрагдахад тухайн байгууллага нь ISO 9001 стандартын дагуу Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлсэн эсэх нь том давуу тал болдог байна. Энэхүү стандартыг хэрэгжүүлснээрээ \”Дарханы Дулааны Цахилгаан станц” ТӨХК нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын 70 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг авахаар болсон тухай \”Дарханы Дулааны Цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Нямдаваа энэ үеэр ярьсан юм.
Тэрбээр цааш ярихдаа сүүлийн жилд улсад 5 тэрбум төгрөгийн татвар төлсөн амжилтыг үзүүлээд байгаа гэлээ. \”Дарханы Дулааны Цахилгаан станц” ТӨХК- д 2015 онд Булган, Сэлэнгэ аймгууд болон АПУ ХХК, \”Хасу Мегаватт \”ХХК, МАХ групп зэрэг 17 байгууллага хүрэлцэн ирж туршлага судалжээ.
Монгол улсын хувьд 76 байгууллага чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартын шаардлага ханган баталгаажуулалтын гэрчилгээ авснаас Дархан-уул аймагт өнөөдрийн байдлаар гэрчилгээжсэн долоон аж ахуйн нэгж, байгууллага, хоёр төрийн байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна.