Хүн бүх зүйлийг мэддэг байх албагүй ээ. Ялангуяа чулууны тухай мэддэг байх албагүй ч хүний хөдөлмөрт хүндэтгэлтэй хандана гэдэг бол өнөөдөр хүн төрлөхтний бүтээж байгаа хүмүүнлэгийн ухаан биз ээ.
Урд хөршийнхөн маань үнэхээр адтай золигууд юм. Монголд юм хийхээр илүү хямдхан илүү томыг оруулаад ирэхийн, ер нь юуг л бол юуг хальт мулт хийгээд оруулаад хямдхан өгчих юм. Монголын зах зээл жижиг болохоор ‘A copy’ хийдэг том гарууд бус тосгоны өрхийн үйлдвэрлэгчдийн эд Монголын хэрэгцээг хангана. Хөөрөгний зах зээлд мөн адил юм. Хөөрөгний үүсэл гарал ер нь бол нь бидэнтэй нэг тоонот болох Манжаас улбаатай л даа. Гэхдээ хужаа биш. Хужаа нар одоо л Монголчуудад зориулж чулуун хөөрөг хийж байгаа гэхэд хилсдэхгүй байх. Тэд энд ямар хөөрөг эрэлттэй байгааг андахгүй тэндээ хийнэ. Хамгийн түгээмэл нь одоо халтар мана, гартаам, сүүжин хөөрөг. Чулуу шил хоёрын голоор шахуу материал гаргаад түүгээр чүнчигноров хөөрөг хийнэ. Цэхэр цахиурыг уран зураг шиг халтар мана, гартаам болгоно.
Эрээний зээлээс хямдхан хэлбэр хийц муутайг, жоохон цаашлаад өвөрмонголын аль нэг хотын чулууны захаас энд ирээд жоохон янзалбал хүн андуурах шахууг нь Монголчууд өөрсдөө оруулж ирээд нарантуул дээр үнэнээ хэлдэг нь, дэлгүүр лангуун дээр улаа цайм худлаа хэлдэг хэсэг нь зарна. Тиймээс л хужаа хөөргийг таних аргуудыг олон нийтэд хуваалцах шаардлага байна. Чулуу сонирхдог олон хүний багш болсон Т.Төгөлдөр гуай чулуу, хуурамч чулууг танихад геологичийн мэргэжил эзэмших хэрэгтэй болно доо гэж хэлсэн байсан. Чулууны хатуулаг, тоосны өнгө, нягт, гэрлийн чанар гээд олон туршилтаар эрдсийг таньдаг тиймээс ч бид хүний зарж хэдэн төгрөг болгох гэж байгаа юмыг буталж хэмхэлж чадахгүй болохоор хийсэн хөөргийг шинжиж сурах хэрэгтэй болно.
Хужаа хөөргийг таних шинжүүд:
№1 Чулууны ерөнхий байдал
Дээр хэлсэнчлэн халтар мана, гартаам, болор, чүнчигноров хөөрөг ихээр урдаас орж ирнэ. Цахиур бол нь дэлхий дээрх түгээмэл эрдэсийн нэг мөн дээрээс нь хятад оронд ч мана болон манын төрлийн силикат чулуулаг ихтэйг заавал тэмдэглэж хэлэх хэрэгтэй байх.
Хятад халтар манууд яг Монголчуудад зориулсан бидний дотно өнгө болох шаргал, бор, хонгор, улаавтар өнгөн дээр хар толбууд битүү шахуу орсон байдаг. Монгол халтар манууд ихэвчлэн тунгалаг мана дээр ихэвчлэн халтар нь нэг талдаа орсон байдаг. Учир нь халтар толбо нь манын халж урсахдаа үүсгэсэн хөндий зайн хана болон чулууны хоорондох хялгасан зай завсрыг хар, бор тортгоор будсан байх нь элбэг байдагтай холбоотой. Эндээс эртний гэж нэрлэгддэг халтар манан хөргүүдийн чулууны уг гарал Монгол байх нь бас эргэлзээ төрүүлнэ. За энэ тухай өөр нэг сэдэв болгож бичнэ.
Хятад сүүжин хөөргийг шилээр цутгаж хийдэг тул цутгасан ул мөрөөр нь таньж болно.
Тод бор, хар дээр гартаам судал оруулж их хийнэ. Тиймэрхүү хөөрөг гэрэл үл нэвтрүүлэх тул тэр шинжээр нь таньж болдог. Нэг тийм хужаа хөөргийг хагалж үзэхэд цайвар шаазан гэмээр зүйлийг нэлээд гүн будсан байсан.
Хужаа чүнчигноровууд ихэвчлэн шаазан гэмээр зүйл байдаг учир гялга нь тод биш байдаг.
№2 Хэлбэр
Тэгш хэмийн алдаа элбэг байдаг. Монгол авчраад гол засдаг зүйл бол тэгш хэм. Мөн Монгол хөөрөгний харьцаа бандгар, палбигар байхад хужаа хөөрөг дандаа босоо талдаа, шовгордуу байдаг. Хөөрөгний янз бүрийн дэг хэмжээснүүд байх авч хүн бүрийн хийч өөр байх нь зүйн хэрэг байх. Гэхдээ олон Монгол хөөрөг дунд нэг хужаа хөөрөг тавиад харвал дээл өмссөн европ хүн шиг л харагддаг.
№3 Хүзүү
Хужаа хөөрөгний хүзүү дандаа хэт, эсвэл арай нарийхан байдаг. Хүзүүний тойрог яг тэгш дугуй байх нь бас ховор. Хүзүү нарийхны дээр дэндүү өндөр байдаг.
№4 Гуурс
Хужаа хөөргийг таних хамгийн найдвартай энгийн арга бол гуурс богино, эсвэл гуурсгүй байх явдал юм. Гуурс гэдэг нь хөөрөгний амнаас доош байх цилиндер амсарыг хэлж байгаа хэрэг юм. Монгол хөөрөгний гуурс хүзүүний өндөртэй ойролцоо байдаг нь хөөрөг ухах технологитой нь холбоотой юм.
Сүүлийн үеийн хужаа хөөрөг хийдэг өвөрлөгч нөхдүүд Монгол багштай болж байгаатай холбоотой ч юм уу гуурс дээр онцгой анхаарсан хөргүүд бас харагдах болжээ.
№4 Өнгөлгөө
Хятадад чулууны зах зээл маш сайн хөгжсөн. Тэрэнтэй холбоотойгоор чулууг өнгөлөх олон аргыг бид хужаа нараас л сурч хөөрөг өнгөлөх хэдэн цагийн ажил болсон. Хэдэн жилийн өмнөхөн нэг хөөргийг 7 хоног өнгөлдөг байж билээ.
Хятад хөөрөгний өнгөлгөө маш сайн гоё гялалзана гэхдээ олон хөөрөг нэг доор бөөндөж хийдэг нөхдүүд хойно. Хүзүү биеийн хоорондын хувил, ёроолын хувил зэргийг ихэвчлэн дутуу өнгөлсөн байдаг.
№5 Мөр буюу бад
Хөөрөгний билэгдэл гэдэг post дээрээс мөрний муу ёрын талаар уншаарай. Хужаа нар бадыг ёстой л нэг халтуурдаад хяна. Энд тэнд нь нэг хоёр угалз дугуйнууд магадгүй мөрийг зарим хүмүүс ‘юухан хийхэн’ гэж нэрлэдэг нь ч хужаагын бадтай холбоотой байх.
№6 Ёроол буюу суурь
Ёроолын дотор талын ухлаадас тэгш хэмгүй, өнгөлгөө дутуу байна.
№7 Ухалт
Ам нь том, гуурсгүй хөөргүүдийг нэлээд хөнгөхөн ухсан байх боловч ханын зузаан нь энд тэндээ адилгүй байна. Ихэвчлэн доод талдаа хэт нимгэн, дээгүүрээ зузаан байна.
№8 Дотор засалт
Хөөрөг ухах технологи нь амарчилсан цаг бага ашиглах үүднээс өрмөөр шулуухан шулуухан өрөмдөж ухах тул дотор тал нь овгор товгор байна. Зарим тунгалаг хөөрөгний өрөмний ул мөр нь зурган дээрээс тархи мана шиг харагдана.
№9 Дотор өнгөлгөө
Дотор өнгөлгөөг ихэвчлэн лак гэмээр химийн бодисоор хийнэ. Тэр үнэргүй боловч харахад хэд гялтганаж харагдах тул танихад хялбар. Мөн дотор засалт хийгээгүй шууд өнгөлгөөний бодисоо хийх тул дотор тал нь хээтэй мэт харагдана. Халбагаар тэмтэрч үзвэл овгор товгор байна.
№10 Үнэ
Үнэ нь мэдээж нэлээд боломжийн байна. Гэхдээ эсэргээрээ ч байж таныг итгүүлэхийг оролдож мэднэ.
Харин та одоо мэдлэгтэй болсон хойно шинжээд үзэх хэрэгтэй. Мөн хөөрөгний талаар олон зүйл мэддэг хүмүүс сэтгэгдэл нэмж эдгээр шинжүүдийг улам бүр баяжуулна гэж найдаж байна.