Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар талуудтай хамтран хэрэгжүүлж байгаа “МОД ДАГАЖ УС, УС ДАГАЖ АМЬДРАЛ” аяны хүрээнд Онон голын сав газарт дөрвөн жилийн хугацаанд 500 га газарт мод тарихаар зорьж байгаа билээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 52 га газарт мод тариад байгаа юм байна.
2018 оны тавдугаар сарын байдлаар 6 га талбайд нарсны суулгацаар ойжуулалт хийжээ. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хамт олон Зүүн бүсийн салбарынхаа 10 жилийн ойд зориулан 1 га талбайд нарс модны 5 настай 1200 ширхэг суулгацыг Хэнтий аймгийн Дадал сумын нутагт 2018 оны тавдугаар сард тарисан байна. Нутгийн иргэдийн оролцоотойгоор хийсэн энэ ажил онцлогтой байв. Учир нь, мод тарихдаа байгууллагынхаа лого болох Пандагийн хэлбэртэйгээр тарьсан аж. Ийм төгөл байгуулсан нь байгууллагуудыг мод тарихдаа өөрсдийн логог дүрсэлсэн байдлаар төгөл үүсгэж байгууллагаа сурталчлах болон ойг хамгаалахад уриалсан чухал ажлын эхлэл боллоо гэж хамтран оролцсон байгууллагуудын төлөөлөл дүгнэж байна. Ойжуулалтад шаардлагатай тарьц, суулгацыг ойн нөхөрлөлүүд болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газар хамтран бэлтгэдэг ажээ.
Сонирхуулахад, “МОД ДАГАЖ УС, УС ДАГАЖ АМЬДРАЛ” аяны зорилго нь, Онон голын сав газрын ойг хамгаалах, байгальд ээлтэй ногоон бизнесийг дэмжих замаар нутгийн иргэдийн амжиргааны эх үүсвэрийг нэмэгдүүлж ногоон хөгжлийн загвар бүс нутаг болгох явдал юм.