УИХ-ын 2016 оны сонгуулийн өдөр
ойртож байна. Тэгвэл энэ сонгуульд хэн хэн нэр дэвшихээр \”санаархаж” байгаа
талаар танилцуулж байгаа билээ. Өмнө нь зүүн гурван аймагт нэр дэвших
сонирхолтой байгаа хүмүүсийн нэрсийг танилцуулсан бол /энд дарж тэдгээр нэр
дэвшигчтэй танилцана уу/ өнөөдөр төвийн зургаан аймагт хэн, хэн нэр дэвших вэ
гэдгийг танилцуулья.
Төв аймаг
Төв аймагт МАН-аас Энхболдууд
нэр дэвшдэг. Тэгвэл тэд энэ удаад намын жагсаалтаар ирэх сонгуульд оролцож дүү
нартаа боломж олгохоор шийджээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Су.Батболд, аймгийн
ИТХ-ын дарга Ц.Энхбат нарыг Төв аймагт өрсөлдүүлэхээр сойж байгаа бололтой юм.
Харин АН-аас өмнө нь гурван ч
удаа өрсөлдөж байсан Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв, Үйлдвэр хөдөө аж
ахуйн дэд сайд асан Ц.Туваан нар яригдаж байна. Мөн нийслэлийн Баянгол дүүргээс
хоёр ч удаа нэр дэвшин, УИХ-д сонгогдож байсан гишүүн Х.Тэмүүжин Төв аймагт
өрсөлдөж магадгүй гэсэн мэдээлэл гарах болоод байгаа. Ерөнхий дөө улаан,
цэнхэрүүд ийм бүрэлдэхүүнтэй тулаанд орох нь.
Сэлэнгэ аймаг
Сэлэнгийн хоёр мандатын төлөө
мөн улаан цэнхэрээрээ \”дайтах” шинжтэй. АН-аас ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Аж
үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар нэр дэвшинэ. Харин МАН-аас УИХ-ын гишүүн
Ж.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Бүрэнбат нарын нэр яригдаж байна. Тэднээс
гадна Гадаад хэргийн дэд сайд асан Н.Оюундарь, \”шилэн цогоо” гэгдэх Б.Цогтгэрэл нарын нэр яригдаж байна. Харин
АН-ын \”сэлгээний” нэр дэвшигчид одоогоор тодорхойгүй байна.
Дархан-Уул аймаг
2012 оны сонгуулиар С.Ганбаатарын
үнэмлэхүй олонхийн санал авч гарч ирсэн тойрог бол Дархан-Уул аймаг юм. Харин
хоёр дахь мандатыг УИХ-ын гишүүн УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа
авсан билээ.
Тэгвэл энэ хоёр эрхэм энэ удаад
ч нэр дэвших өндөр магадлалтай. Тэгвэл \”улаан” булангаас ТЕГ-ын дарга асан
Б.Баттөмөр, ГЕГ-ын дарга асан Б.Цэнгэл, аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, Засаг
дарга С.Насанбат нарын нэр яригдаж байна. Тэгвэл \”цэнхэр” булангаас аймгийн
Ардчилсан намын дарга Н.Мөнхдөш, намын дэд дарга Г.Гантулга нар нэр дэвших
өндөр магадлалтай байгаа аж. Харин улаан, цэнхэрүүдтэй өрсөлдөхөөр МАХН-аас УИХ-ын
гишүүн асан одоо тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй
Ж.Сүхбаатар, дэд сайд асан Б.Тулга нар нэр дэвших гэнэ.
С.Ганбаатарын хувьд намын дарга
болчихсон. Тиймээс жагсаалтад орж, тойрогт өрсөлдөх шаардлагагүй болж мэдэх юм.
Дорноговь, Говьсүмбэр аймаг
Тус тойрогт МАН \”хуучин”
хүмүүсээ илгээнэ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, \”Сод Монгол” группийн
Ерөнхийлөгч Ц.Анандбазар нар. Мөн тэдэнтэй Уяачдын холбооны тэргүүн
Б.Дэлгэрсайхан зуузай холбож магадгүй. Ц.Анандбазарыг энэ жил заавал даагаа
нэхнэ гэж эх сурвалжууд ярьж байна. Учир нь тэрээр 2012 оны сонгуульд нэр
дэвших үеэрээ эрүүгийн хэрэгт холбогдон саатуулагдаж байсан юм. Гэвч намын ах
нар нь яаж ч чадалгүй нэрийг нь татаж байсан билээ.
Тэгвэл АН-аас Зам тээврийн сайд
асан, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх бусдыгаа тэргүүлэн оролцох бололтой.
Түүнтэй хамт аймгийн Засаг дарга П.Ганхуяг, ИТХ-ын дарга Г.Ганбаатар нар нэр
дэвшинэ гэсэн мэдээлэл байна. Харин МАХН-аас \”Алтан булаг”
худалдааны чөлөөт бүсийн дарга асан Ч.Чимэдсүрэн, МХЕГ-ын дарга Д.Шаравдорж нар
нэр дэвшихээр болоод байгаа аж.
Дундговь аймаг
Дуу хуурын өлгий Дундговь
аймгийн хоёр мандатын төлөө одоогоор гурван хүний нэр л тодроод байна.
Тодруулбал, МАН-аас тус намын нарийн бичгийн дарга асан Б.Амарсанаа, АН-аас
УИХ-ын гишүүн Б.Наранхүү, МАХН-аас Гаалийн Ерөнхий газрын дарга асан О.Ганбат
нарын нэр тодроод байгаа юм. УИХ-ын гишүүн Б.Наранхүүг \”үнэмлэхүй ялалт
байгуулна” гэж тойргийнхон нь ярьж байгаа аж. Гэхдээ бөмбөг бөөрөнхий гэдэг шиг
иргэд саналаа хэнд ч өгч болно шүү дээ.
Өмнөговь аймаг
Эрдэс баялгийн өлгий нутгаас \”Ажнай”
тодотголтой УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нэр дэвших нь тодорхой. Харин түүнтэй
хамт олон жил сойгдсон аймгийн Засаг дарга Б.Бадраа зуузай холбох сурагтай. Мөн
УИХ-д дөрвөн ч удаа сонгогдож байсан Ц.Баярсайханыг Өмнөговьчууд мартаж
болохгүй.
Тэгвэл МАН-аас УИХ-ын гишүүн
асан Х.Бадамсүрэнгийн нэр яригдаж байна. Гэхдээ Х.Бадамсүрэн АТГ-т \”данстай”
болохоор нам нь итгэл үзүүлэхгүй ч байж мэдэх юм. Тэдэн дээр Шадар сайд
Ц.Оюунбаатар, \”Ардын элч” санал асуулгад Өмнөговь аймагт тэргүүлсэн Х.Мандахбаяр
нар нэмэгдэж магадгүй юм. Үргэжлэл бий.
А.Аюуш