-100 жилд ганц тохиох АСЕМ-ын уулзалтаар эрх баригчид нийслэлчүүдээсээ ичив үү-
Энэ жилийн долдугаар сарыг ажил гэхээсээ илүү
амралт, аялал зугаалгаар дүүрэн үдэх нь. Учир нь бүх нийтээр амардаг наадмын
өдрүүд буюу долдугаар сарын 11, 12, 13 ажлын өдөр таарч байгаа. Залгуулаад
долдугаар сарын 14-нд АСЕМ /Ази-Европын уулзалт/-ын зочид Монголд бууна. Үүнтэй
холбогдуулан наадмын дараачаас 7 хоног үргэлжлүүлэн амраахаар төлөвлөж байна.
Ингэхдээ Нарантуул, Дүнжингарав, Сандей Плаза зэрэг томоохон захуудыг хаах аж. Харин
Бөмбөгөр, Баянзүрх, Хархорин зэрэг нийслэлийн төв болон баруун хэсгийн захуудыг
хаахгүй байх магадлалтай аж. Учир нь Нарантуул, Дүнжингарав, Сандей Плаза зэрэг
захууд тэр хэсэг газарт түгжрэл үүсгэдэг бөгөөд АСЕМ-ын зочдын замд саад болно
хэмээн ярилцаж байна. АСЕМ-ын уулзалтаар Монгол Улсад 51 орны төрийн тэргүүн
болон тэднийг дагалдсан 2000-3000 хүн ирэх гэнэ. Үүний 1000 нь сэтгүүлч байна
хэмээн манай тал үзэж байна. Учир нь өнгөрсөн АСЕМ-ын уулзалтаар Италид /АСЕМ-ын уулзалт нь хоёр жилд нэг удаа болдог бөгөөд 2014 оны Италийн Милан хотод/ 800
сэтгүүлч ирнэ хэмээн тооцоолж байсан ч 1000 гаруй сэтгүүлч ирсэн аж.
Түүнчлэн Монгол Улсад болох АСЕМ-ын 11 дэх удаагийн энэ уулзалтад оролцох 51
орны төрийн тэргүүний 1 нь л гэхэд доод тал нь 4-5 хүний бүрэлдэхүүнтэй ирэх нь
тодорхой. Мөн 51 орны төрийн тэргүүнээс гадна Европын холбоо, АСЕАН /Зүүн өмнөд
Азийн орнуудын нийгэмлэг/-ийн төлөөлөгчид Монголд ирнэ. Тиймээс нийслэлийн
удирдлагууд АСЕМ-ын үеэр нийслэлийн хөдөлгөөнийг багасгаж, томоохон захуудыг
хааж, бүх нийтээр амраахаар төлөвлөж байна. Ингэхдээ нийслэлчүүдийг аль болох
хөдөө орон нутаг уруу амралт, аялал зугаалгаар явахыг уриалж байгаа юм.