Энэ сарын 24-нд болох Аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийн бэлтгэл, зохион байгуулалтын ажил батлагдсан цаг хугацааны хуваарийн дагуу хэвийн явагдаж байна.
Энэхүү сонгуульд хэрэглэх нийт 30 төрлийн 27 мянга гаруй саналын хуудсыг хэвлүүлэх, сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж баталгаажуулан гэрчилгээ олгох ажил тус тус дуусч тэдгээрийг хүлээлгэн өгөх, санал авах байранд хүргүүлэх ажил хийгдэж байна.
Саналын хуудас хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх үйл ажиллагааны хамгаалалтыг цагдаагийн байгууллага хариуцаж, намын ажиглагчид болон тагнуулын асуудал эрхэлсэн байгууллага хяналт тавьж ажиллаж байгаа билээ.
Мөн сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж баталгаажуулах ажлыг СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцсон Ажлын хэсэг хариуцан гүйцэтгэлээ.
Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль нийт 11 аймгийн 26 суманд, дахин сонгууль гурван аймгийн 4 суманд болно. Сонгуульд оролцохоор 3 нам, нэг эвслээс нийт 79 нэр дэвшигч бүртгүүлж нэр дэвшигчийн үнэмлэх авчээ .Нам, эвсэл болон нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа энэ сарын 6-ны өдрөөс эхлүүлсэн байна.