Налайх дүүргийн Цэцэрлэгжүүлэлтийн албаны цэцэрлэгжүүлэгч С.Эрдэнэбүрэнтэй цөөн хором ярилцлаа.
-Өөрийгөө товчхон танилцуулна уу?
-Намайг С.Эрдэнэбүрэн гэдэг. Ам бүл 9-үүлээ. Цэцэрлэгжүүлэлтийн албандаа ажиллаж эхлээд нэг жил болж байна.
-Цэцэрлэгжүүлэлтийн албаныхан өнгөрсөн ондоо том зорилго тавьж амжилттай ажилласны үр дүнд дүүрэгтээ ажлаараа тэргүүлсэн. Та ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Үнэхээр бүгдийнх нь хичээл зүтгэл гэж бодож байна. Баг хамт олны маань хөдөлмөрийн үр шим дээ. Маш их баяртай байна.
-Цэцэрлэгжүүлэлтийн алба хэдүүлээ вэ?
-Контор, цэцэрлэгжүүлэлт нийлээд 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй. Цэцэрлэгжүүлэлтийн хувьд 16-уулаа.
-Өнгөрсөн онд ямар томоохон ажлуудыг санаачилж хийсэн бэ?
-Байгууллагын зүгээс дэвшүүлсэн зорилтоо хамгийн сайнаар хийж чадсан гэдэгтээ итгэлтэй байна. Тухайлбал ногоон байгууламжийг нэмэгдүүлж, ялангуяа цэцэг маш их тарьж чадсан. Зүлэгжүүлэлт бас их сайн хийгдсэн. Их л завгүй ажилласан даа. Хашаа хайсаа хүртэл өөрсдөө гагнаж хийсэн. Модны бордоо, усжуулалт, зүлэгжүүлэлт гээд завгүй зуныг өнгөрөөсөн. Соёлын ордны өмнө суулгасан багц цэцгийн савыг хүртэл бид бүхэн гараараа сүлжиж хийсэн. Мөн гэрлийн шон дээр цэцгийн мандал байрлуулах зэрэг ажлуудыг манай хамт олон өөрсдөө санаачилж, хамтарч хийсэн дээ.
-Таны хувьд цэцэрлэгжүүлэгч хийгээд жил орчим ажиллалаа. Ажлын онцлог, бас бахархал юу бол?
-Өмнө нь биеэрээ хийж үзээгүй байсан учраас ногоон байгууламж гэж юу хийдгийг мэддэггүй байсан. Энэ байгууллагад орсноор Налайхынхаа ногоон байгууламжийг нэмэгдүүлж, ая тухтай орчин нөхцөл бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байдаг. Өөрөө мод тарьж, зүлэгжүүлж, цэцэг тарьж байна гэдэг ирээдүйд миний үр хүүхдүүдэд цэвэр агаар бэлэглэж, сайхан орчин бүрдүүлж өгөх учраас энэ ажлаа сэтгэл ханамжтай хийдэг.
-Тарьсан цэцгээ өндөр ургаж, нахиалахыг харах ямар мэдрэмж авдаг вэ?
-Сайхан байлгүй яахав. Өнгөрсөн жил хамт олноороо цэцгийн мандлууд хийж сагслаад, байршуулаад тавих хамгийн сайхан байсан. Төрөл бүрийн өнгө алагласан цэцэг ядаж л хүний сэтгэл санаанд маш сайхан нөлөөлдөг юм билээ.
-Манайхны нэг нийтлэг алдаа, шүүмжлэлтэй хандмаар зүйл нь цэцэг, зүлгэн дээр гишгэх, цэцгийг таслах зэрэг байдал ажиглагддаг. Ийм үед танд юу хэлмээр санагддаг вэ?
-Үнэхээр харамсмаар байдаг. Бид нарыг зүлэгжүүлээд явж байхад автобуснаас буугаад шууд ногоон зүлгэн дээр гишгээд гарахад маш харамсмаар санагдсан. Тухайн үед очоод хэлэхэд зарим нэг нь ойлгоно, зарим нь муухай хараад ойлгохгүй үе ч бас байна. Ялангуяа хүүхдүүдэд багаас нь энэ төлөвшлийг өгөх нь их зүйтэй санагддаг. Хүүхдүүд томчуудаас илүү ухамсартай шүү дээ. Цэцэг, зүлэг байвал тойроод гарна, эцэг эхдээ гишгэж болохгүй гэдгийг заана, хэлнэ. Харин томчууд маань хүүхэд багачууддаа зөв үлгэр дуурайлал үзүүлээсэй. Үнэхээр ногоон байгууламжийг хийсэн, зүлэгжүүлсэн үед хайрлаачээ гэж хэлмээр санагддаг. Хүний хөдөлмөрөөс гадна амьд биет төлжиж, бидэнд цэвэр агаар хайрлах гэж ургаж ядаж байхад хог хаяад, гишгээд, таслаад байвал мэдээж хэрэг сайхан биш шүү дээ.
-5, 10 жилийн дараах Налайхын өнгө төрхийг та яаж дүрсэлж, төсөөлдөг вэ?
-9 сарын дотор энэ хэмжээнд хүрч ногоон байгууламж хийж чадаж байгаа юм чинь 5 жилийн дараа ногоон байгууламж ихтэй, сайхан ногоон Налайх болно гэдэгт итгэлтэй байна.
-Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.