ИЗНН-ын АН-тай нэгдэх асуудлыг тус намын анхан шатны нэгжүүд болох сум, дүүргийн намын хороод хэлэлцэж буй ч 70 орчим хувь нь эсэргүүцсэн шийдвэр гаргав.
АН-аас ИЗНН-тай нэгдэх талаар санал гаргаж, өнгөрөгч 2 дугаар сарын 5-нд Төрийн ордонд \”Санамж бичиг” байгуулсан. Үүнийг намын удирдлагууд хүлээн авч, намын анхан шатны нэгжүүдээр хэлэлцүүлэн шийдвэр гаргахаа илэрхийлээд байсан юм. Харин анхан шатны нэгжүүд нь энэ саналыг хүлээж авах хүсэлгүй байгаа талаар өнөөдөр ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны дарга Г.Мөнхнасан, Баянгол дүүргийн намын хорооны дарга С.Бадрах нар мэдээлэл хийв.
Баянгол дүүргийн намын хорооны дарга С.Бадрах \”АН-ын нэгдэх саналыг ИЗНН-ын удирдлагууд хүндэтгэлтэйгээр хүлээж авсан. Улс төрийн намын тухай хуулийн дагуу энэ асуудлыг намын анхан шатны нэгжүүдээр хэлэлцээд гаргасан шийдвэрийг нь нэгтгэн намын Үндэсний хороогоор хэлэлцэж эцсийн шийд гарах ёстой. Харин өнөөдрийн байдлаар Нийслэлийн 6 дүүргийн Намын хороо энэ асуудлыг хэлэлцэж, нэгдэх шаардлагагүй гэж үзээд байна. Мөн орон нутгийн намын хороодын 60 орчим хувь нь ийм шийдвэр гаргасан. Тиймээс анхан шатны нэгжүүдийн энэ саналыг үндэслэн хоёр нам нэгдэхгүй гэж бодож байна” гэв.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарим сумдад энэ хоёр намыг нэгдсэн гэх мэдээлэл гарч байгааг мөн өнөөдөр няцаалаа.
ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны дарга Г.Мөнхнасан \”Намын бүх хороодыг гуравдугаар сарын 5-ны дотор хурлаа хийж, шийдвэрээ илгээхийг үүрэг болгосон. Ингээд ирсэн саналыг нь нэгтгэн дөрөвдүгээр сарын 29-нөөс өмнө намын нэгдэх, эвсэх зэрэг асуудлууд бүрэн шийдэгдэх ёстой. Манай намын гишүүдийн хувьд АН-тай нэгдэхгүй, бие даасан улс төрийн хүчин байх нь зөв гэж үзэж байгаа нь шийдвэрүүдээс харагдаж байна. Учир нь АН-тай нэгдвэл ИЗНН татан буугдах юм” гэлээ.
Харин ИЗНН-ын хувьд аль нэг улс төрийн хүчинтэй эвсэл байгуулж сонгуульд оролцох боломж нээлттэй гэдгийг дээрх гишүүд хэлж байв.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: \”Монцамэ\” агентлаг