Сонгуулийн тухай хуулийн 20.1 дэх хэсэгт нөхөн сонгуулийн санал хураалтыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн ням гариг болон аравдугаар сарын эхний ням гаригт улс даяар нэгдсэн журмаар явуулахаар хуульчилсан. Энэ дагуу зарим аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийн санал хураалт өчигдөр орон даяар явагдсан.
Энэ удаагийн нөхөн болон дахин сонгууль 11 аймгийн 29 сумын 43 хэсэгт болж байгаа юм. Мөн уг сонгуульд 83 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд 23477 сонгогч санал өгсөн юм.
Тэгвэл зарим аймагт санал хураалт ирцэндээ хүрээгүй тул дахин санал хураахаар болжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд болсон ИТХ-ын нөхөн сонгуулийн ирц хүрээгүй буюу 49.6%-тай өндөрлөсөн тул нэмэлт санал хураалт энэ сарын 30-нд болно.