НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд СБД-ийн 10,11,12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга ажлын явцын тайлангаа танилцуулж асуудал шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргалаа. Өнгөрсөн хугацаанд энэхүү ажлыг зохион байгуулах талаар санал, дүгнэлт судалгаа, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгээс 12 удаагийн хуралдаан, 3 удаагийн ажил байдалтай танилцах уулзалт, 5 удаагийн 100 айлын барилгын материалын хулалдаа эрхлэгчдийн төлөөлөлтэй хийсэн уулзалт, бусад холбогдох арга хэмжэг зохион байгуулсан гэлээ. Үр дүнд нь нийслэлийн төв цэгт орших барилгын материалын худалдааны зах, төвийн үйл ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд цэгцлэх, стандарт шаардлагыг мөрдүүлж ажиллах, гар дээрээс болон гадуурх худалдааны цэгүүдийн үйл ажиллагааг зогсоох, агаар, хөрсний бохирдол үүсгэж байгаа үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх зайлшгүй шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ.
Хууль тогтоомж зөрчин үйл ажиллагаагаа явуулж байгаа үйлдвэрүүдийг шилжүүлэн байршуулах талаар СХД, БЗД, СБД, ЧД, Налайх дүүргийн засаг дарга нарыг 2018 оны 5-р сарын 25-ны өдрийн ажлын хэсгийн хуралдаанд урьж оролцуулан санал авсан байна. Энэ үеэр Налайх дүүргийн Засаг даргаас бусад дүүргийн засаг дарга нар хүлээн авах газар байхгүй тухайгаа илэрхийлжээ. Тиймээс Налайхын барилгын материал үйлдвэр техологийн паркаас өөр газар барилгын материалын үйлдвэрүүдийг хүлээн авах боломжгүй болоод байгаа юм. Тиймээс барилгын материалын үйлдвэрүүдийг нүүлгэх шилжүүлэх НБМҮТП-ийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд Налайх-Чойрын чиглэлийн төв замтай холбох, 100 айлын уулзвараас 32-ын тойрог хүртэл автозамын замталбайг шинээр засаж сайжруулах, өргөтгөлийн ажлыг хийх мөнгөн хөрөнгийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа Тэргүүлэгчдэд танилцуулав.
НИТХ-ын Тэргүүлэгчид энэ асуудлыг дэмжиж 7-р сарын 3-ны дотор Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг тус мөнгөн хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх тухай саналаа танилцуулахыг даалгалаа.
С.Амарсайхан: Аудитын газрын дүгнэлт тааруу байгаа нь мэргэжлийн ур чадвар сул, хариуцлагагүй байгааг харуулж байна
Хуралдаанаар 2017 оны нийслэл, дүүргийн санхүүгийн тайлан аудитын дүнг Нийслэлийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор С.Энхбаатар танилцууллаа. Өнгөрсөн онд нийт 209 санхүүгийн тайланд санал дүгнэлт хийжээ. Үүний 145 нь зөрчилгүй, 60 хязгаарлалттай санал дүгнэлт байсан бол 4-т нь санал дүгнэлт өгөхөөс татгалзсан гэсэн хариу гарчээ. Энэ нь хязгаарлалттай болон санал дүгнэлт өгөхөөс татгалзах үнэлгээ авсан санхүүгийн тайлангийн тоо 2.5 дахин, нийт тайланд эзлэх хувийн жин нь 22.2 пунктээр нэмэгдсэн байна.
Нийслэлийн төсвийн ерөнхий захирагчийн нэгдсэн тайлангаас харахад нийт зөрчлийн дүн 88.0 тэрбум, санхүүгийн тайланд залруулагдсан 58.0 тэрбум, залруулагдаагүй 29.4 тэрбум төгрөгийн алдагдал гарчээ.
Нийт улсын төсвийн байгууллагуудаас “санхүүгийн тайлангийн үлдэгдэл тооллогын бүртгэлээс зөрүүтэй, тооцоо нийлж актаар баталгаажуулаагүй, өглөгийг шийдвэргүйгээр бүртгэлээс хассан, харъяаллын бус хүмүүст санхүүгийн дэмжлэг олгосон, олгосон дэмжлэг, зээлийн эхгэн төлөлтийн хугацаа хэтэрсэн” гэх мэт зөрчлүүд илэрсэн байна.
Цаашдаа Нийслэлийн аудитын газар нь хууль тогтоомжийг боловсронгуй болгох, дээд байгууллага, төсвийн захирагчид болон санхүүгийн албан тушаалтан, гүйцэтгэх ажилтан нарыг чадавхижуулах зорилт тавин ажиллаж байгаагаа хэллээ.
НИТХ-ын дарга С.Амарсайхан “Аудитын газрын дүгнэлт тааруу байгаа нь мэргэжлийн ур чадвар сул, хариуцлага дорой, чавдар сул байна гэдгийг харуулж байна. Тийм учраас энэ чиглэл дээр холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээг нийслэлийн төрийн сангийн хэлтэст хүргүүлэх хэрэгтэй. Ингэснээр ирэх онд нийслэлийн харъяа шат шатны байгууллагуудын санхүүгийн сахилга батыг онцгой дээшлүүлнэ. Энэ санхүүгийн асуудал үнэхээр задгай явж байгаа. Тиймээс санхүүгийн алдаа дутагдал гарахаас урьчдчилан сэргийлэх, төсвийн хөрөнгийг хэмнэх, шаардлагтай бол зарим зүйлийг хуулийн хүрээнд өөрчлөх ажлыг зохион байгуул” гэж үүрэгдэв.
Хурлын төгсгөлд НИТХ-ын төлөөлөгч, хурал дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “Тэргүүлэгчдийн хуралдаанд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” асуудал өргөн барьж Тэргүүлэгчид дэмжсэнээр хурал өндөрлөлөө.