Солонгос улсын Чоннам аймгийн цагдаагийн газар тус аймгийн Ёнгам дүүрэгт ажиллаж, амьдардаг Монгол улсын дөрвөн иргэнийг саатуулжээ.
Тэдгээр Монгол залуус нь өнгөрсөн оны 4-р сараас эхлэн оройн цагаар Чонжү хотоор хэсүүчлэн, Солонгос иргэдийн гэрийнхээ үүдэнд цоожлон орхисон дугуйнуудыг хулгайлсан хэрэг үйлдсэн юм байна.
Тэд хулгайлсан дугуйг задлан, хайрцагт хийж, хүргэлтийн үйлчилгээгээр Монгол улс руу ачаа тээвэрлэдэг компаниудад хүргүүлдэг байсан ба дугуйнуудыг А гэгч залуугийн гэр бүлийхэн хүлээн авдаг байсан нь тогтоогджээ.
Цагдаагийн газраас Монгол залуус өнөөг хүртэл 7,200,000-н воноор үнэлэгдэх 18-н ширхэг дугуй хулгайлсныг илрүүлсэн ч, өөр бусад хулгайн хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн үзэж, тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.
Мөн тэдний хулгайлсан дугуйг Монголд хүлээн авдаг байсан А-гийн гэр бүлийнхнийг шалгах боломжийн талаар Монгол улсын цагдаагийн газартай хамтран ажиллахаар хэлэлцэж эхэлжээ.
Эх сурвалж: Yonhap