Монголд хүний эрх, эрх чөлөө ямар байна вэ. С.Зориг агсны эхнэр Б.Булганы ээж Д.Байгальмаа \”Ар гэр, өмгөөлөгчийг нь уулзуулдаггүй, эргэлт оруулдаггүй. Хувцсыг нь хоёрхон удаа сольсон. 24 цагийн гэрэлтэй нөхцөлд байлгадаг шиг байна” гэж хэвлэлд ярьсан. Үүнээс үүдэн Б.Булган гэрч, хохирогч, сэжигтэн аль нь ч байсан тэнд хүний эрх зөрчигдөж байгаа юм биш үү гэсэн асуултыг сэтгүүлчид тавиад байв. Хүний эрхийн чиглэлээр ажилладаг хуульчид \”Ар гэр, өмгөөлөгчийг уулзуулахгүй байх, 24 цагийн гэрэлтэй нөхцөлд хорих нь эрүүдэн шүүлтийн хэлбэр” гэдгийг хэлж байсан. Харин холбогдох байгууллагууд \”Эргэлт оруулж, уулзуулж байгаа” гэж тайлбарласан. Тэгвэл охиндоо санаа зовсон Д.Байгальмаа гуай УИХ дахь Өргөдлийн байнгын хороо, ХЭҮК-т хандсанаар Ж.Батзандан, Ж.Бямбадорж нар Б.Булгантай уулзсан нь хүний эрхийн асуудлыг дахин хөндөхөд хүргэж байна.
Хамгийн сонирхолтой нь ХЭҮК-ын дарга \”Ирсэн гомдлын дагуу ажиллалаа. Мөрдөх явцад эрүү шүүлтийн элемент байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ сонин, хэвлэлээр гарсан шиг айхтар юм байхгүй ч ор үндэсгүй зүйл бас биш юм байна лээ” гэсэн хариултыг өгсөн байх юм.
\”Тийм, үгүй, магадгүй” гэсэн түүний үгнээс Б.Булган яг ямар байдалд байгаа нь нь ойлгогдсонгүй. Түүнийг тодруулж тогтоосон дүгнэлт алга. Хууль, хяналтын байгууллагууд түүний эрхийг зөрчсөн бол ямар зөрчил байгааг ч тодруулсангүй. Энэ талаар ажилласан гэх атал Хүний эрхийн байгууллага нь дүгнэлт гаргасангүй. Тэгэхээр Б.Булганыг мөрдөн шалгах явцад эрүүдэн шүүсэн үү, үгүй юу. Тэнд хүний эрх зөрчигдсөн үү? Төв аймгийн урьдчилан хорих төвд дөрвөн сар гаруй хоригдож буй түүний байдлыг үнэн зөвөөр хэлээч Ж.Бямбадорж дарга аа.
Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: \”Зууны мэдээ” сонин