Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэхээр л түүнийг тусгаарлаж, ангид байлгах, хийж бүтээж чадахгүй гэх, тэднийг үгүйсгэсэн хандлага нийгэмд түгээмэл байна. Эрүүл саруул бидний нэгэн адил нийгэмтэй хөл нийлүүлэн алхаж явсан эдгээр хүмүүс хэн нэгний санамсар болгоомжгүй үйлдэл, өвчин эмгэг, осол аваар зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй болсон байдаг. Тэгвэл Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ авьяас ур чадварыг нээх, хувь хүнийг өөртэй итгэх итгэлтэй болгох, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, \”Уран төсөл” ХХК-тай хамтран хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн дунд \”УРЛАГИЙН АНХДУГААР НААДАМ”-ыг гуравдугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Уг наадамд Сонгинохайрхан дүүргийн 9 хорооны 40 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд Язгуур урлаг Ардын дуу, Зохиолын дуу гэсэн 3 төрлөөр авъяас билэгээ сорин шилдгүүдээ тодоруулсан юм.
Ардын дууны төрөлд 1-р байрыг Т.Зоригт, 2-р байрыг Д.Бямба-Цогт, 3-р байрыг Ц.Ганзориг эзэлсэн бол зохиолын дууны төрөлд 1-р байранд Ж.Бороо, 2-р байранд Ш.Жажин, 3-р байранд Д.Лувсандорж, тусгай байранд И.Нарангэрэл нар шалгарсан юм.
Наадмын Тусгай байрын шагналыг Л.Анхбаяр, Б.Одонгэрэл нар тус тус хүртлээ. Мөн энэ үеэр Үндэстэн ястны ардын богино дууны нийгэмлэг 2 иргэний авьяасыг нь үнэлэн өөрсдийн \”Тэргүүн дээд” шагналаар шагнан урамшуулсан нь эдгээр хүмүүст урам зориг өгсөн үйл явдал болсон юм.
Энэхүү наадмын шүүгчээр МУГЖ Л.Чаминчулуун, МУГЖ Ж.Одмаа, Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрын дуучин П.Батгүн нар ажилласан юм. Наадмын төгсгөлд иргэдээ идэвхитэй хамруулсан хороодыг шалгаруулсан бөгөөд 1 байрыг 9 дүгээр хороо, 2-р байрыг 6 дугаар хороо, 3-р байранд 10 дугаар хороо эзэлсэн юм.
Уг наадмын хамгийн ахмад нь 65 настай Жажин гуай байсан бол хамгийн отгон нь 8 настай Ч.Отгонсүрэн охин байлаа. Тус дүүргийн хэмжээнд 10,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг ба тэднийхээ амьдрал ахуйд дэмжлэг тусламж болох олон үйл ажиллагаануудыг дүүргийн ЗДТГ-аас зохион явуулдаг бөгөөд энэ удаагийн наадам анх удаа гэдгээрээ онцлогтой байсан юм.