\”Ирвэс хамгаалах
сан”-гийн биологич залуу Т.Лхагвасүмбэрэл агсны үхлийн шалтгаан одоо ч учир битүүлэг байна. Түүнийг амиа хорлосон гэж үзэх нэг хэсэг байхад, амь насанд нь халдсан гэж үзэх нэг хэсэг байна. Гэхдээ аль ч тал өөрсдийн таамгаа баталж, Т.Лхагвасүмбэрэл агсныг яг ямар шалтгааны улмаас нас барсныг 100 хувь нотолж чадахгүй байна. Ямартай ч, Цагдаагийн байгууллагаас Т.Лхагвасүмбэрэл агсантай холбоотой мэдээллийг иргэдээс авч эхэлжээ. Ингэхдээ мэдээлэл өгсөн иргэдийн мэдээллийг чанд нууцлахаас гадна чухал баримт өгсөн хүнд мөнгөн шагнал хүртэл олгох гэнэ. Өнгөрөгч 11 дүгээр сарын эхээр учир битүүлгээр нас барсан Т.Лхагвасүмбэрэлийн хэргийн шалтгааныг илрэхийг иргэд хүлээгээд 4 сар гаруйн хугацаа өнгөрч байна. Нийгэм тэр чигээрээ хүлээж буй энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газрын дэд
даргаар ахлуулсан ажлын хэсэг мөрдөж Хөвсгөл, Өмнөговь аймагт ажиллаж байгаа ч нэг л ахиц гарахгүй байгаа нь иргэдээс мэдээлэл нээлттэй авч эхэлснээс бэлхнээ харж болно.
Түүнчлэн Цагдаагийн Ерөнхий Газраас гарсан энэхүү ажлын хэсэгт Улсын Ерөнхий Прокуророос хяналт тавьж, хамгийн шилдэг гэсэн мөрдөн байцаагчдыг ажиллуулж байгаа ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн ахиц гарахгүй байгаа нь Т.Лхагвасүмбэрэлийг амиа хорлосон гэж үзэхэд хүргэж байна. Иргэдийн хэлээд байгаачлан Т.Лхагвасүмбэрэл маш зохион байгуулалттай бүлэглэлийн гарт өртчихөв үү, аль эсвэл өөрийнхөө амийг хөнөөчихөв үү. Тэгвэл Цагдаагийн байгууллагаас Т.Лхагвасүмбэрэл агсныг амиа хорлоход хүргэсэн хүчин зүйлсийг нээн илрүүлэхэд голчлон анхаарч ажиллаж байгаа гэнэ. Түүний амийг гэмт этгээдүүд хөнөөсөн гэх баримт олдоогүйн учир амиа хорлосон гэж үзсэн бололтой юм даг.
Эсрэгээрээ Т.Лхагвасүмбэрэл агсныг амиа хорлосон бол түүнийг амиа хорлотол дарамтанд оруулж, ойр дотныхныг нь заналхийлсэн байж болох талтай хэмээн талийгаачийн ар гэрийнхэн болон хамтран ажиллагсад нь үзэж байна. Ямартай ч, энэ хэрэг сүүлийн үед шуугиан дэгдээж, нийгмийн анхаарлыг өөртөө татаад буй өөр олон хэргүүдэд дарагдчихалгүй баримт нотолгоон дээр тулгуурласан үнэн бодитоор илэрч, гаднын нөлөөгүй амиа хорлосон, зохион байгуулалттай бүлгийн гарт амиа алдсан уу гэдэг илэрнэ гэдэгт олон нийт итгэсээр байна. Хамгийн гол нь, иргэд энэ хэргийн ард Т.Лхагвасүмбэрэлийн амийг захиалсан ЭЗЭН байна уу, үгүй юу гэдгийг л мэдэхийг хүсч байгаа юм.