ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай Хельсинк хотноо хийсэн уулзалтдаа сэтгэл хангалуун байгаагаа мэдэгджээ. Тэрээр хэлэхэдээ “Бид энэ удаагийн уулзалтаар үүсээд байгаа янз бүрийн төвөгтэй асуудлуудыг шийдэж чадаагүй ч эхний алхамаа амжилттай хийлээ” хэмээн мэдэгдсэн байна. РИА Новости агентлагийн мэдээлж байгаагаар Ерөнхийлөгч В.Путин Хельсинкт болсон уулзалтыг өндрөөр үнэлж, Орос Америкийн удирдагчид цаашид тогтмол уулзалдаж байхаар тохиролцсон гэдгийг онцлон тэмдэглэжээ. Харин Цагаан ордны эзэн Ерөнхийлөгч В.Путинтэй хийсэн уулзалт нээлттэй илэн далангүй болсон гээд Москва Вашингтон хоёр хоёр орны тусгай албадын түвшинд терроризмтой хамтран тэмцэх ажиллагаагаа үргэлжлүүлж, цаашид энэ чиглэлд хамтран ажиллах болно гэдгийг дурьдсан байна.
Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уулзалтын үеэр тус улс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажилд хөндлөнгөөс нөлөөлхийг оролдсоныг эрс үгүйсгэсэн бөгөөд ОХУ энэ асуудалд ямар ч холбогдолгүй гэж тэмдэглэн хэлсэн байна. Түүнчлэн Оросын төрийн тэргүүн АНУ-ын Ерөнхийлөгчийг Украины удирдагчдад тус улсын зүүн бүсэд үүсээд байгаа ээдрээт нөхцөл байдалд анхаарлаа хандуулхийг онцлон хүсчээ. Хельсинк хотноо болсон Орос Америкийн удирдагчдийн энэ удаагийн уулзалт бүхэлдээ тааламжтай уур амьсгалд болж, нийт 4 цаг орчим үргэлжилсэн байна.