Дэлгэцийн дөрөв дэх уран бүтээлээрээ үзэгч түмнээ дахин байлдан дагуулж буй \”Хувьсал” продакшныхан сонирхуулах зүйл ихтэй явна.”Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-ээрээ соц үеийн нийгмийн далд амьдрал руу гүнзгий нэвтэрч, \”Зүрхээр наадагч”-аар ёстой л зүггүйхэн аргуудыг тодхон харуулаад, \”Тооцоогүй тоглоом”-ын амтыг гашуунаар мэдрүүлсэн тэд энэ удаа \”Атганд үлдсэн эрдэнэ”-ээ дэлгэлээ. Хэдийгээр нээлтээ хийгээд ердөө сар шахам хугацаа өнгөрч байгаа боловч тасалбар нь эрэлт ихтэй, үзэгчид нь өдөр ирэх бүрт нэмэгдсээр байгаа энэ киноны ололт амжилтыг дурдвал их зүйл бий.
Хамгийн гол нь, сэтгэлд нийцсэн сайхан бүтээлээ үзэгчдийн хүртээл болгохтой зэрэгцээд Монголын кино урлагт оршиж буй нэгэн \”эрдэнэ”-ийг хамтад нь дэлгэж орхилоо. Энэ бол \”Хувьсал” продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан А.Ганчимэг юм. Шавилхан биедээ баймгүй тэвчээр хатуужил, мэргэжлийн өндөр ур чадвар, хичээл чармайлтаараа тэр орчин цагийн урлагт онцгой нэгэн хувьсал хийсэн бүсгүй. Авьяас чадвараас илүүтэй гоо царай, сайхан галбираа чухалчлан үздэг зарим нэгнийг бодвол тэр хийсэн юмтай, хэлэх үгтэй ч хүн.
Монгол үндэсний ахуй соёл, өв уламжлал, ёс заншлыг өнөөгийн охид залууст тодорхой хүргэхээр зорьсон \”Атганд үлдсэн эрдэнэ” бол түүний хувьд жинхэнэ ХУВЬСАЛ байлаа. Яахав, гадаад дотоодын зарим кинонд эмэгтэй хүн эрэгтэй хүний дүрд хувирч тоглосон жишээ цөөнгүй байгаа нь үнэн. Гэхдээ яг үүн шиг нийгмийн амьдралын далд бүхнийг уудалсан, гэр бүлийн хүчирхийллийг хурцаар харуулсан сэдэвтэй кинонд эмэгтэй хүн эр хүний дүрд хувирч тоглосон нь хэд билээ. Дэлгэцийн сайхан бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог жүжигчин А.Ганчимэгийн сэтгэл татам ялдамхан төрх, булбарайхан бие цогцос тэр гэхийн аргагүйгээр өөрчлөгдсөн нь үнэхээр гайхалтай. Мөнөөх л танил дотно инээмсэглэл, урт торгомсог үс, энхрий зөөлөн харц хаа нэгтээ орхигдсон мэт.
Харин оронд нь нүүрэндээ сорвитой, хэгжүүн яриатай шавилхан залуугийн дүр цээжинд \”хөндөлсөөд” болдоггүй, тийм л нэг хачин мэдрэмж… Ийн өмнө нь зурагдсан дурсамж бүхнээ үгүй хийж, сэтгэл онгичсон тэрхүү Тайван гэгчийн дүрийг бүтээхдээ А.Ганчимэг чамгүй зүтгэж, бас ч гэж чамлахааргүй их золиос гаргасан биз ээ. Халиурсан урт гэзгээ халзан болтол нь тайруулчихаад, зуны гурван сарын турш адуу мал эргүүлэн, эмнэг даага сургаж, эгээтэй л эр хүн болчихоогүй гэдэг. Гагцхүү жүжигчин хүний тэсвэр хатуужил, хөдөлмөрч чанар, дүрийн судалгаа, бүтээлч сэтгэлгээ нь түүнийг \”аварсан” байх. \”Өөрт байгаа өчүүхэн авьяасаа дайчилж, энэхүү кинонд тоглолоо” хэмээн даруухан нь аргагүй өгүүлэх жүжигчин бүсгүй маань урлагийн салбарт хэрхэн гялалзаж яваагаа мэддэг болов уу, ер нь. Ялангуяа кино урлагт оршсон \”эрдэнэ” лугаа адил үзэгч түмнийхээ хайр талархлыг хүлээсэн чадварлаг уран бүтээлч гэдгээ тэр ингэж харууллаа. Цаашид ч бас ихийг харуулахаар шамдаж буй сайхан бүсгүй, сайн жүжигчин басхүү нэгэнт нууцлагдахаа больсон эрдэнэ мэт уран бүтээлчдээ өндрөөс өндөр амжилт хүсье ээ.
Photonews.mn