Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит өчигдөр хуралдаан болж, Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжаар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам баталсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 80 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцсэн байна.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 15-н өдрийн А/80 дугаар тогтоолоор \”Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг батлан Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд торгууль ногдуулан, мэдэгдэх хуудсыг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн бүртгэлийн хаягаар хүргүүлэх ажлыг 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн.
2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Монгол УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль баталсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/188 дугаар тушаалаар \”Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журам”-ыг баталж, мөн оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн.
Иймд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хууль зүйн сайдын 2015 оны А/188 дугаар тушаалаар батлагдсан \”Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журам”-д нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн А/80 дугаар тогтоолоор батлагдсан \”Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр” илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам нь нийцэхгүй болсон байна. Тиймээс хуульд нийцүүлэн дээрх тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоож танилцуулжээ.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн саналаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 80 дугаар тогтоолыг хүчингүй болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.