Ерөнхий сайд үер усны гамшигтай холбогдуулан Улсын онцгой комиссыг зарлан хуралдуулж, зарим үүрэг даалгаврыг холбогдох хүмүүст өгсөн билээ. Тус хуралдаанаар Баян-Өлгий аймагт таван ханатай гэр 80ш, бохирын болон ус зөөвөрлөх машин, эмнэлэгийн машин, ковш зэргийг Улсын нөөцийн сангаас олгохоор шийдвэрлэсэн юм. Шийдвэрийн дагуу өчигдөр Баян-Өлгий аймгийн ард иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн цуваа хөдөлжээ.
Үерийн голомтод Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр анги, Хилийн 0165 дугаар анги, Цагдаагийн газар, Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК, Авто зам засвар, арчлал Үерийн голомтотын “Жол” ХХК, Цахилгаан шугам сүлжээний газар зэрэг нийт 18 байгууллагын 620 орчим хүн, 100 гаруй нэгж техниктэйгээр ажиллан, эрэн хайх, аврах, хойшлуулашгүй сэргээн босгох ажлыг тасралтгүй явуулж байна.
Үерт өртсөн иргэдийг татан гаргаж түр хорогдох байранд байрлуулан халуун хоол, цайгаар хангах, эд хөрөнгийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх, үерийн хамгаалалтын далан босгох, хүчитгэх, шинээр шуудуу гаргаж хуримтлагдсан үерийн усыг зайлуулах, гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдийн судалгааг гаргах ажлыг зохион байгуулж байгаа аж. Мөн үерт нэрвэгдсэн 185 өрхийн 668 иргэнийг найман байрлал дахь түр хорогдох байранд байрлуулж, 345 өрхийн 1,844 иргэнийг аюулгүй газарт, нийт 530 өрхийн 2,500 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.