БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Руандагийн ерөнхийлөгч Кажаметэй Кигалид энэ сарын 23-нд буюу өчигдөр хэлэлцээ хийв. Хоёр орны төрийн тэргүүн Хятад-Руанда дипломат харилцаа тогтоосон 47 жилийн туршид хоёр талт харилцааны хөгжил, амжилтыг үнэлж, найрсаг хамтын ажиллагааны ирээдүйг хамтдаа төлөвлөж, хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг урагшлуулан, Хятад Африкийн ард түмэнд нэн таатай боломжуудыг олгох талаар санал солилцсон байна.
Ши Жиньпин энэ үеэр “2017 оны гуравдугаар сард, би ерөнхийлөгч тантай хоёр орны харилцаа болон найрсаг хамтын ажиллагааны асуудлаар өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрч, Хятад Руандагийн харилцааг урагшлуулан хурдацтай хөгжлийн замд оруулсан. Цаашид ч Руандагийн хамтаар хоёр орны уламжлалт найрсаг харилцааг ахиулж, бодит үр дүнд хүрч, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцааны шинэ хуудсыг нээхэд Хятадын тал бэлэн байна” гэдгээ цохон тэмдэглэлээ.
Тэрээр мөн цааш хэлсэн үгэндээ “Хэдэн арван жилийн турш, Хятад Африк хэзээд үнэнч найрсаг, эв нэгтэй хамтран ажилласаар ирсэн болохоор хамтдаа амжилтад хүрсэн ашиг сонирхлын хамтын цогц болсон юм. Африкын орнуудтай эв нэгтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Хятадын гадаад бодлогын чухал үндэс суурь юм. Африк тив яг л дүүлэн тэмүүлж буй эрэлхэг арслан мэт. Бид хүчирхэг том мөртөө өдрөөс өдөрт интеграцчилсан Африк байхыг харах дуртай. Африкын Холбоо бол Африкын орнуудыг удирдан дагуулж, эв нэгтэй хамтран ажиллуулах туг далбаа юм. Африкын энх тайван хийгээд хөгжлийн явцад Африкын Холбоо удирдах үүрэг гүйцэтгэж, олон улс болон бүс нутгийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдгийг Хятадын тал дэмжсээр ирсэн юм” гэв.
Харин Кажаме энэ үеэр хэлэхдээ “Ши Жиньпин дарга Руандад айлчилж байгаад чин сэтгэлээсээ баярлаж байна. Хятад бол Африкын хамгийн найдвартай, жаргал зовлонгоо хуваалцаж ирсэн түшигтэй найз юм, Хятадтай найрсаг харилцаагаа хөгжүүлэх нь Руанда болон Африкт маш чухал юм” гэсэн юм.
Хэлэлцээрийн дараа, “Нэг бүс нэг зам” бүтээн байгуулалт зэрэг хоёр талт хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд хоёр орны төрийн тэргүүн хамт байлцлаа.