Энэ жилийн хувьд уулархаг нутаг болох Хангай, Хөвсгөл, Монгол Алтай нурууны салбар уулс, Хархираа, Түргэний уулсаар цас ихтэй байна.
Гуравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар Тэс, Шишхэд, Эг, Дэлгэрмөрөн, Баруунтуруун, Түргэн, Хархираа гол, Увс нуурын сав бүхэлдээ цасан бүрхүүлтэй байгаа ба мөн түүнчлэн Хангай нурууны өврөөс эх авсан Завхан, Яруу, Зүйл, Хүнгүй голын савд цасны зузаан 5-25 см байгаа ба хунгарлаж шуурсан газраа 30-60 см хүрч, цасны нягт нь 0.10-0.25 г/см3 байна.
Гуравдугаар сарын 20-ны өдрийн гол мөрний мөсний зузааны мэдээнээс харахад мөс хайлж мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-30 см нимгэрч, мөсөн дээгүүр ус урсах, мөс харлах, мөс байрандаа хайлах, зэрэг үзэгдэл идэвхижиж байгаа бөгөөд ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө нэлээд дулаан байх тул голын сав газар дахь цас эрчимтэй хайлж голын мөсний үзэгдэл эрчимжиж, мөсөн хахаа үүсэх улмаар хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан голын усны түвшин нэмэгдэж, ус эргээсээ хальж голын эрэг татам орчим усанд автах үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна. Иймд ард иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Ус судлалын сектор