Монголын улстөр мэдлэг, зүтгэлээс холдоод өнгө, мөнгөний ертөнц болоод удаж байгаа. Үүний хажуугаар төгрөг мөнгө байхгүй ч төрсөн биеэрээ төлөх үзэгдэл бас нэлээд хөгжсөн. Тэгвэл энэ үзэгдэл сүүлийн үед эрчүүдийн дунд эрчимтэй хөгжиж, хэн хамгийн үнэнчээ харуулснаараа зам, мөрөө шулуутгадаг болж. Улстөрд ийм үзэгдлийг хамгийн сайн хөгжүүлж байгаа хүн нь Н.Энхбаяр, хүчин нь МАХН болж байна. Өнгөрөгч баасан гаригт МАХН-ын Гүйцэтгэх товчооны бага чуулган болж нам болон намын даргынхаа төлөө үнэнхүү нулимсыг унагасан Э.Эрдэнэжамъяаныг намын дэд даргаар сонгожээ. МАХН-даа Н.Энхбаярын дараагийн албан тушаалд очсон түүнийг \”ганц уйлаад л дэд дарга боллоо\” улстөрчид жиг жуг хийж байна. Харин МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг өгсөнгүй хэмээн намаасаа нүүр буруулан МАХН-д орж ирсэн Ж.Сүхбаатард хүссэн албан тушаалыг нь өгч генсек болгожээ.
МАХН-ын бага чуулган баасан гаригийн үдээс хойш хуралдсан. Энэ нь ажлын цаг дуусгаж, амралтын өдөр тааруулж хэвлэлийнхнээс бултах гэсэн далд зорилготой байсан ч байж мэдэх юм. Ямартай ч, МАХН-ын бага чуулганаар дараах
томилгоонуудыг хийсэн байна. Тодруулбал, намын дэд даргаар Д.Тэрбишдагва,
Ц.Оюунбаатар, Э.Эрдэнэжамъяан нарыг, Ерөнхий нарийн бичгийн даргаар
Ж.Сүхбаатар, нарийн бичгийн дарга нараар Д.Цогтбаатар, Б.Эрдэнэбилэгт,
С.Жаргал, Н.Удвал, Б.Тулга, Г.Бямбасүрэн нарыг томилжээ.
Хачирхалтай нь, тэднийг 100 хувийн
саналаар дээрх албан тушаалуудад томилсон байна. Ийнхүү МАХН-аас урвасан хэмээгдээд байсан Г.Шийлэгдамбыг ерөнхий нарийн бичгийн даргаас, Л.Цогийг нарийн бичгийн даргын албан тушаалаас тус тус түдгэлзүүлж байгаагаа албан ёсоор баталгаажууллаа.
Төгс