Ургамалын тоосны харшил буюу бидний хэлж заншсанаар шарилжны харшил сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа. Ялангуяа яг энэ цаг мөчид харшлын оргил үе үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор энэ төрлийн харшлын талаарх мэдээллийг товч хүргэж байна. Хэрэв нэгэнтээ хөл ургамалын тоосонд хэт мэдрэг болсон буюу харшилтай болсон бол Та доорх зөвлөгөөг мөрдөөрэй.
Ургамалын тоосны харшил гэж юу вэ?
Ургамалын тоосны шалтгаант харшил гэдэг нь ургамалын тоосны нөлөөгөөр хүний дархлалын систем хэт мэдрэгшиж, хүчтэй хариу урвалаар илрэх үзэгдлийг хэлнэ. Хот суурин газрын хүн амын дунд шарилж, лууль болон бусад хөл газрын ургамалуудын цэцгийн тоосны шалтгаант амьсгалын замын харшил түгээмэл тохиолдож байна.
Нийслэлийн хүн амын дунд амьсгалын замын харшилтай нийт хүмүүсийн 68.3 хувь нь шарилж, лууль, согоовор, ерхөг, хус, улиас зэрэг ургамалын тоосны шалтгаант харшилтай байна.
Ургамалын тоосны харшил хэзээ идэвхиждэг вэ?
Шарилж, луулийн төрлийн ургамалууд зургадугаар сарын сүүлчээс наймдугаар сарын дунд хүртэл цэцэглэн, агаарт тоосжилт нэмэгдсэнээр хүн амын дунд ургамлын тоосны шалтгаант харшил үүсэх нөхцөл бүрддэг бөгөөд энэ үе нь эрүүл мэндэд хамгийн эрсдэлтэй.
Ургамалын тоосны харшлын үед илрэх шинж тэмдгүүд:
- Шингэн нус их хэмжээгээр гоожих
- Хамар битүүрэх
- Ойр ойрхон хүчтэй найтаалгах
- Нүд улайх, загатнах, эсвэл хорсох
- Нүд гэрэлд мэдрэмтгий болж, нулимс гоожих
Ургамалын тоосны харшилтай хүмүүсийн анхаарах зүйлс:
-Шарил, лууль нь өглөөний 04:00-09:00, оройн 17:00-22:00 цагт тоосоо гөвдөг тул энэ үед хаалга, цонхоо онгойлгохгүй байх, эсвэл тор байршуулах,
-Автомашин болон гэртээ агаар чийгшүүлэгч хэрэглэх,
-Гадуур өмсөж явсан хувцсаа битүү орчинд /шүүгээ, уут/ хийх,
-Угаасан хувцсаа гадаа тавихгүй байх,
-Унтахын өмнө үсээ угаах,
-Гадуур явахдаа амны хаалт зүүх,
-Ургамалтай ажиллах шаардлага гарвал амны хаалт хэрэглэх хэрэгтэй.
Ургамалын тоосны харшлаас урьдчилан сэргийлэх арга
Эдгээр ургамалууд нь цэцэглэж, дохиурын тоос нь агаарт дэгдсэнээр хүн амд харшил үүсгэх, үр нь газарт унаж дараа жил дахин ургах шалтгаан болдог тул цэцэглэхээс өмнө арга хэмжээ авснаар үрийн нөөцийг бууруулах, харшлаас сэргийлэх ач холбогдолтой.
Иймээс ургамалын үр боловсрохоос өмнө тайралт хийх хэрэгтэй. Шарилж, луулийн төрлийн ургамалууд нь харилцан адилгүй хугацаанд ургадаг ба цэцэглэлтийн үе нь янз бүр байдаг. Мөн тайралт хийсний дараа дахин ургадаг учир 6-р сарын сүүлээс 8-р сарын дунд үе хүртэл гурван үе шаттайгаар тайралт хийнэ.
НЭГДҮГЭЭР ҮЕ: 6-р сарын 20-ноос 7-р сарын 1
ХОЁРДУГААР ҮЕ: 7-р сарын 15-наас 7 –р сарын 25
ГУРАВДУГААР ҮЕ: 8-р сарын 05-наас 8-р сарын 15
Тайралт хийснээр тухайн газрын ургамалын тоосны хэмжээ буурах, ногоон зүлэгт талбай нэмэгдэх, хөрсний нөхөн төлжилт, ургамалжилт дахин бүрэлдэх нөхцөл бүрдэж, хөрсний чийгшилтийг хэвийн хэмжээнд барих ач холбогдолтой. Харин зулгаах, шатаах, сэндийчэх зэргээр хөрсийг эвдвэл энэ нь шарилжийн ургалтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй.