Израиль болон Ойрхи Дорнодод үүссэн хямралтай холбоотойгоор Өмнөд Солонгос улс иргэдээ нүүлгэн шилжүүлэх болжээ.
Тодруулбал, иргэдээ авчрахаар байлдааны онгоц илгээхээр болсноо тус улсын ерөнхийлөгч Юн Сук Ёл Лхагва гаригт мэдэгдлээ.
Бүс нутаг дахь иргэдийн аюулгүй байдал бол Юны засгийн газрын тэргүүлэх чиглэл учир шаардлагатай бүх арга хэмжээг авна гэв.
Юн Сук Ёл Ойрхи Дорнодын мөргөлдөөний асуудлаар үндэсний аюулгүй байдал болон эдийн засаг хариуцсан албан тушаалтнуудтай уулзжээ. Тэрбээр Өмнөд Солонгосын эрчим хүчний хангамж, худалдаа, нийлүүлэлтийн сүлжээнд үзүүлэх аливаа нөлөөллийн эсрэг шуурхай арга хэмжээ авахыг уриалсан байна.
Мөн өдрийн өглөө Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Израиль болон Ливан дахь иргэддээ хандан боломж бололцоогоороо яаралтай бүс нутгийг орхихыг зөвлөжээ.
Засгийн газрын 2023 оны статистик мэдээллийг харахад Израильд 572 өмнөд солонгос иргэн байдаг. Үүнд түр оршин суугчид болон израиль паспорттой иргэд багтана. Харин Ливанд 214 өмнөд солонгос иргэн байна.