Эрүүл мэндийн сайдын 2013 оны \”Жагсаалт, журам батлах тухай” 313 дугаар тушаалаар \”Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалт”-ыг баталсан байдаг.
2015 онд Эрүүл мэнд, спортын яамны зүгээс өөрийн оронд эмчлэгдэх болсон Шүлсний булчирхайн хорт хавдрын IMRT эмчилгээ, нярайн ретинопатия, туяа эмчилгээний дараах үтрээ-шулуун гэдэсний фистул зэрэг гурван өвчнийг жагсаалтаас хасч, манай улсад өвчлөлийн тохиолдлын тоо нь нэмэгдэж байгаа, дэлхийд эмчилгээ, оношилгооны шинэ технологи нэвтэрснээр, эмчлэгдэх боломжтой болсон зургаан өвчнийг шинээр нэмж оруулан Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 119 дүгээр тушаалаар Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалтыг 39 болгон шинэчлэн баталсан.
Уг журмын дагуу гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчилгээнд хамрагдсан иргэдэд
- Санхүүгийн дэмжлэгийг тухайн өвчнөөр нэг удаа олгоно.
- Эмчилгээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхдээ тухайн иргэнийг эмчилж эрүүлжүүлэхэд зарцуулагдсан зардлын баримт, материалыг үндэслэнэ.
- Иргэний гадаад улсад эмчилгээнд зарцуулсан нийт зардлын 5 хувийг үндэсний мөнгөн тэмдэгтээр бодож олгох ба тухайн үеийн Монголбанкны ханшаар тооцно.
- Гадаад улсад эмчлүүлсэн иргэний тээвэр, байр, хоол, түүнчлэн асран хамгаалагчаар явсан хүнд зардал олгохгүй.
Гадаад эмчилгээний зардалд дэмжлэг авахыг хүссэн иргэд дараах материалыг бүрдүүлэн ЭМСЯ-нд өгнө. Үүнд:
- Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмч нарын комиссын \” Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалт”-д орсон өвчин, эмгэгтэй иргэний асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн эмнэлгийн дүгнэлт / маягтын дагуу /
- Гадаадын эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн тухай баримтыг монгол хэл дээр баталгаат орчуулгын газраар орчуулуулан тамга даруулсан байх. Гадаад улсын эмнэлгийн дүгнэлт
- Онош
- Төлбөрийн баримт/ эх хувиар /
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбар
- Оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт
- ӨЭМТ-ийн тодорхойлолт / тухайн өвчний учир хяналтанд байдаг эсэхийг тодорхойлсон /
- Хэрвээ ажил хийдэг хүн бол байгууллагаасаа эмчилгээний зардал аваагүй болохыг тодорхойлсон тодорхойлолт
- ЭМД-ын дэвтрийн хуулбар / Сүүлийн 5 жил даатгал төлсөн тухай хэсгийг/ зэргийг бүрдүүлэн өгнө.