БОАЖ-ын сайдын 2017 оны тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг гурван жилээр хориглосон. Мөн Амьтны тухай хуульд амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглосон заалт бий. Хэрэв энэ хуулийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн дагуу хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах бөгөөд тарвага агнасан хувь хүнийг 300,000, хуулийн этгээдийг 3 сая төгрөгөөр торгох нь.
БОАЖ-ын сайдын дээрх тушаал нь тоо толгой нь цөөрсөөр байгаа монгол тарвагыг хамгаалах зорилготой. Манай улс зах зээлийн тогтолцоонд шилжсэн 1990 оноос хойш тарваганы нөөц эрс хомстож, 15 сая орчим толгой байсан монгол тарвага 2001 оны судалгаагаар таван сая болтлоо цөөрсөн гэх тоо байдаг. Тиймээс энэ амьтныг хамгаалах үүднээс 2005, 2006, 2014 онд салбарын сайд нар тушаал гаргаж, тарвага агнахыг гурван жилийн хугацаагаар бүрэн хориглосон үр дүнгээ өгсөн гэж үздэг.
Түүнчлэн 2010 оноос тарвага сэргээн нутагшуулах ажлыг иргэд болон төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран идэвхтэй хийсэн. Тухайлбал, 2017 онд Төв, Хэнтий аймгийн нутагт 200 орчим тарвагыг сэргээн нутагшуулсан нь үр дүнгээ өгч эхэлсэн байдаг. Тиймээс агнуур хориглох шийдвэрийг улс орон даяар хэрэгжүүлж буй юм.