Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд “Залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь орон нутагт залуучуудад зориулсан нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх залуучуудын хөгжлийн төвтэй байна” гэж заасан байдаг. Хуульд заасны дагуу нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар болон дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэд Залуучуудын хөгжлийн төвийг нээж, үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна.
Энэхүү төв нь залуучуудад амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх, эрх ашгийг нь хөндсөн асуудлаар шийдвэр гаргах үйл ажиллагааны бүх түвшинд оролцоог хангах, залуучуудыг хууль зүйн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд холбон зуучлах, гэр бүлийн боловсрол олгох, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, мэдээллээр хангах, гарааны компани эрхлэхийг дэмжих чиглэлээр ажилладаг.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 10 Залуучуудын хөгжлийн төвтэй. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар тус төвүүдийг удирдлага, арга зүйгээр ханган, үйл ажиллагааг нь дэмжиж, хамтран ажилладаг. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул Налайх дүүргийн ГБХЗХХ-ийн дэргэдэх “Залуучуудын хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид хэрхэн ажиллах талаар харилцан санал солилцож, чиглэл өгөв.
Энэ үеэр Налайх дүүргийн ГБХЗХХ-ийн дарга Б.Наранбаяр “Манай хэлтсээс санаачлан залуучуудыг хөгжүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, өсвөрийн сургагч багш бэлтгэх зорилгоор Казакстан улсын Элчин сайдын яам, Канад санд төсөл хүргүүлж, амжилттай шалгарсан тул 2018 ондоо багтаан тус ажлуудыг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэж хэлж байсан юм.
Цаашид дүүргүүдийн Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагааг дэмжин, MKIT мэдээллийн технологийн сургалтын төвийн салбарыг байгуулж, алслагдсан гурван дүүрэгт хүрч ажиллахаар төлөвлөж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.